Социологийн резюме

Социологийн резюме (Социологическое резюме. Summary of Sociology). Ямар нэгэн социологийн судалгааны дүнг товч тайлбарлах зорилго бүхий тогтмол хэвлэлийн нийтлэлийн нэгэн төрлийг социологийн резюме гэж нэрлэдэг. 1990-ээд онос хойш нийгэмд гарсан өөрчлөлт, улс төрийн үйл явдлын хөгжил, хөдөлгөөнтэй холбоотой янз бүрийн байгууллагаас олон нийтийн санал бодлыг мэдэх зорилго бүхий нийгмийн судалгааг тогтмол явуулж, түүний дүнг сонин, сэтгүүлд нийтлэх явдал өргөн дэлгэрсэн нь шинжлэлт бичлэгийн төрөл болох социологийн резюме үүсэж, хөгжихөд нөлөөлсөн. Аливаа социологийн судалгаа бодит байдалд дүн шинжилгээ хийх зорилготой учир энэ бичлэгийн төрөл ямагт задлан шинжилсэн бичлэгийн төрлүүдийн үндсэн шинжүүдийг агуулдаг. Үүнээс гадна зохиогч судалгааны дүнг байгаагаар нь илэрхийлэх зорилго тавьдаггүй бөгөөд гол төлөв өөр судалгааны дүнтэй харьцуулж, янз бүрийн нэмэлт тайлбар хийж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Энэ бол судалгааны объектыг олон талаас нь шинжилж, өргөн хүрээнд авч үзэх боломж олгодог. Социологийн резюме бусад шинжлэлт бичлэгийн төрлүүдээс дараах шинж тэмдгээр ялгаатай. Үүнд: 1. Тусгаж буй объект нь ямагт олон нийтийг хамарсан үзэгдэл (сонгуулийн дараа бий болсон улс төрийн шинэ хөдөлгөөн г.м. ) байдаг. 2. Нийтлэлийн зорилго нь тухайн үзэгдлийн талаар хүлээн авагчдад товч тодорхой, өргөн хүрээний, онолын үүднээс шалгагдсан мэдээллийг өгдөг. 3. Мэдээллийг олж авсан арга нь өөр (социологийн судалгааны аргуудыг ашигласан) байдаг зэрэг болно. Гэхдээ бүрэн хэмжээний судалгааны зөвхөн товч агуулга, ерөнхий мэдээллийг хураангуйлан өгч байгаа учир шинжлэх ухааны нийтлэл гэж үзэх үндэсгүй юм. Тиймээс ихэнх тохиолдолд зохиогчийн нэрийг тавихгүй, зөвхөн судалгааны байгууллагын нэрээр өгдөг байна. Сүүлийн жилүүдэд манай сонин хэвлэлүүд “Прогноз” (МАХН), “Сант-Марал”, “Альтернатив” (МУИС) зэрэг судалгааны төвүүдийн явуулсан социологийн судалгааны дүнг хураангуйлан социологийн резюме хэлбэрээр тогтмол нийтэлж байна. Резюме судалгааны дүнг аль болохоор сонины уншигчдын онцлогт тохирсон байдлаар өгөхийг гол болгодог учраас судалгааг ямар аргаар хийсэн талаар мэдээлдэггүй. Социологийн резюме ямар нэг хэмжээгээр шинжлэх ухааны хялбаршуулсан нийтлэлд нэлээд ойртдог боловч шинжлэх ухааны ололтыг сурталчлах зорилго тавьдаггүй учраас түүнээс ялгаатай юм. Материалын хэмжээ, судалгааны онцлог, хамрах хүрээ зэргээс шалтгаалж социологийн резюме нэг нь нөгөөгөөс ялгаатай байдаг нь түгээмэл ажиглагддаг. Гэвч энэ нь бичлэгийн нэг төрөл зүйлд оруулахгүй байх үндэслэл биш юм.