Jump to content

Соёлын олон янз байдлын тухай ЮНЕСКО-гийн түгээмэл тунхаглал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Соёлын олон янз байдлын тухай ЮНЕСКО-гийн Түгээмэл тунхаглал (Англи: UNESCO Universal Declaration on Cultural Diversity) нь 2001 оны 11 дүгээр сарын 2-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 31 дүгээр чуулганаар санал нэгтэйгээр батлагдсан баримт бичиг юм. Уг тунхаглал нь соёлыг бүх хэлбэрээр нь хадгалан хамгаалах, мөн соёл хоорондын үзэл санааг хуваалцах, бүтээлч шинэ хэлбэрүүдийг бий болгоход чиглэсэн бодлого боловсруулахын төлөө улс орон, байгууллагууд хамтран ажиллахыг уриалдаг. Тунхаглалд “соёл” хэмээх ойлголтыг өргөн хүрээнд тайлбарлаж, соёлыг хамгаалах асуудлыг хүний эрхийн суурь асуудлуудтай нягт уялдуулан авч үзсэн байдаг. Мөн ЮНЕСКО-гийн үүргийг соёлын олон янз байдлын талаарх үзэл санаа, бодлогыг янз бүрийн байгууллагууд хамтран хөгжүүлэх боломжтой орон зай хэмээн тодорхойлсон бөгөөд энэ сэдэв нь түүнээс хойших олон жилийн турш ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны чухал чиглэл байсаар ирсэн. Энэхүү тунхаглалын үндсэн зорилтот бүлэг нь ЮНЕСКО-гийн гишүүн орнууд болон олон улсын, төрийн бус байгууллагууд боловч бусад байгууллага, хувь хүмүүс ч мөн уг баримт бичгээс урам зориг авч ирсэн байна.