Jump to content

Соёл-Эрдэнэ (гитарын гоцлол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Соёл-Эрдэнэ” (Ж.Дорждагвын ая) гитарын гоцлолыг Монголын анхны поп-рок гитарчин ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх 1969 онд цахилгаан хөгжимд найруулж гоцлон тогложээ.

Ж.Дорждагвын ая, С.Баатарсүхийн найруулга “Соёл-Эрдэнэ” гитарын гоцлол төрсөн түүх

[засварлах | кодоор засварлах]

С.Баатарсүх МУИС-ийн дэргэдэх “Оюутны цахилгаан гитарын чуулга”-ын ахлагч, гоцлол гитарчин байхдаа тус сургуулийн монгол хэл, утга зохиолын багш, Хэл утга зохиолын тэнхимийн эрхлэгч, ХЗЭ-ийн хороон дарга Жамцын Бадраагийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая “Соёл-Эрдэнэ” дууны аянд импровизаци хийж, цахилгаан хөгжимд зориулан найруулж, гитарын гоцлол болгон анх тогложээ.

Ж.Бадраа нь 1969 оны зун 6-р сард ЗХУ-ын Ташкент хотноо зохиогдох Монгол-Зөвлөлтийн Залуучууд Оюутны Найрамдалт 3-р их наадам (Ташкентын фестиваль)-д бүрэн бүрэлдхүүнээрээ оролцохоор шалгарсан МУИС-ийн багийг удирдаж байв. МУИС-ийн баг нь 1968-1969 оны хичээлийн жил манай орны бүх их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудын дунд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны 3-р их наадамд түрүүлсэн тул тийнхүү багаараа улсаа төлөөлж Ташкент явж урлагийн тоглолтоо толилуулахаар болсон байжээ.

Ж.Бадраа тус сургуулийн цахилгаан хөгжмийн хамтлагийн ахлагч, оюутан С.Баатарсүхийг дуудаж "Танай хамтлаг эх орноо төлөөлж гадаад оронд явж тоглох болсон тул Монгол гэх үндэстний нүүр царай болж явах ёстой. Та нар дандаа гадаад орны хамтлаг чуулгуудын дууг дууриаж тоглоод байж болохгүй, гадаад оронд энийг чинь хүн хүлээж авахгүй. 'Соёл-Эрдэнэ' дууг чи гитараар (гоцолж) тогло " гэжээ.

Жич: Ж.Бадраа нь тус цахилгаан гитарын чуулга З.Хангалын ая, С.Баатарсүхийн найруулга "Өглөөний наран" гитарын гоцлолыг хэрхэн тоглохыг мэдэхийн хувьд ийм үүрэг даалгавар өгсөн байна.

1968-1969 оны тэр хичээлийн жил С.Баатарсүх МУИС-ийн барилгын ангийн 3-р дамжаанд суралцаж байв. Тэрээр 1966 онд МУИС-д элсэн орж тус сургуулийн дэргэд бит бүрэлдхүүнээр хөгжимддөг Монголын цахилгаан хөгжмийн анхны хамт олон болох "Оюутны цахилгаан гитарын чуулга"-ыг байгуулж, хамтлагийн ахлагч, гоцлол гитарчнаар 1969 оны хавар Радиод дуудагдаж очих хүртлээ ажилласан байдаг.

Ж.Дорждагвын ая, С.Баатарсүхийн найруулга “Соёл-Эрдэнэ” гитарын гоцлолыг МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга”, бөмбөрчин Чулууны Дашдаваа, аргил гитарчин Санжаагийн Цэрэнпил, хэмнэлт гитарчин н.Баясгалан (Багшийн сургуульд Нийгэм судлалын хичээл ордог байсан Норжмаа багшийн хүү), гоцлол гитарчин С.Баатарсүх гэсэн бүрэлдхүүнээр 1969 оны хавар МУИС-ийн “А” заалны тайзнаа анх тогложээ.

Жич: Тус чуулга тухайн үед, Хангамжийн баазаас авсан бөмбөр болон цагаан өнгийн ритм гитар, оюутан Р.Хашийн Германаас авчирсан улаан өнгийн соло гитар, мөн Р.Хашийн ДСП хавтан зүсэж хийсэн гар хийцийн басс гитар гээд нийт гурван цахилгаан гитартай, цахилгаан гитаруудаа киноны өсгөгчид залгаж тоглодог байсан гэж хамтлагийн ахлагч С.Баатарсүх дурссан байдаг.     

1969 оны зун 6-р сард Ташкентын фестивальд МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга” хөгжимдөж С.Баатарсүх гоцлон хилийн чанадад анх тогложээ.

Жич: Ташкентэд тус чуулга тэндхийн орос цэргийн ангийн хөгжмөөр тоглосон.

Гоцлолыг тоглосон хамтлаг чуулга, гитарчид

[засварлах | кодоор засварлах]

Ж.Дорждагвын ая, С.Баатарсүхийн найруулга “Соёл-Эрдэнэ” гитарын гоцлолыг:

  1. МУИС-ийн “Оюутны цахилгаан гитарын чуулга” хөгжимдөж С.Баатарсүх гоцолж 1969 оны хавар МУИС дээр, зун ЗХУ-ын Ташкентын фестивальд тоглосон.
  2. МРТУХ-ны "Цахилгаан хөгжмийн чуулга" буюу одоогийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга хөгжимдөж С.Баатарсүх гоцлон 1969 оны 7 сард Монголын Радиод бичүүлсэн. С.Баатарсүх, Б.Ганбат, н.Хосбаяр зэрэг тус чуулгын гоцлол гитарчид тоглож ирсэн.
  3. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дэргэдэх цахилгаан хөгжмийн "Сансар" хамтлаг 1970-1971 онд тоглосон. Тус хамтлагт З.Зундарь, н.Ганболд, н.Наранбаатар, н.Батмөнх, С.Баатар (С.Баатарсүхийн дүү) нар тоглож байв.
  4. "Соёл-Эрдэнэ" чуулга 1971 оноос (Д.Галсанбат) тоглосон.
  5. Манай орны цахилгаан хөгжмийн бусад хамтлаг чуулга болон н.Батцэнгэл, Б.Батбаяр (Б.Ганбатын дүү) зэрэг гитарчдын урын санд орж тоглогдож иржээ.

Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ" дууны тухай

[засварлах | кодоор засварлах]

Монголын Алтан ургийн сүүлчийн хошуу ноён Их Соён гэгээрүүлэгч Н.Наваан-Юндэнгийн шүлэг, манай зууны манлай эрэгтэй уртын дуучин Ж.Дорждагвын ая, "Хайртай Монголын нутгийг харийн дайсанд алдахгүй дээ хө, зэ хө, Монголын сайхан орон оо хө" гэсэн төгсгөлтэй, монгол ардын дууны маневртай “Соёл-Эрдэнэ” дуу 1936 онд зохиогджээ.

Энэ дуу 1936 оны 1-р сард Монгол улсын дархан хил дээр халдлага гарахад эх орон газар шороо, ард түмнийхээ төлөө амь бие үл хайрлан баатарлаг эр зориг гарган тэрхүү хилийн халдлагыг таслан зогсоосон эгэл малчны хүү, цэрэг Шагдарын Гонгор "Улсын Баатар" цолоор шагнагдаж БНМАУ-ын анхны Улсын Баатар төрсөн тэрхүү түүхэн жил зохиогдсон байдаг.

1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ой тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд "Жавхлант сүрэг", "Идэр жинчин", "Баянмонгол", "Үхэрчин хүү" зэрэг манай орны баялаг болох таван хошуу малын тухай дуунууд зохиогджээ. Дууч Ж.Дорждагва Н.Наваан-Юндэнд хандан нам засаг, хувьсгалт төрөө магтсан дуу зохиох хүсэлтээ хэлж, шүлгээ харин нэлээд удаан өвөртөлж явсан гэдэг. Тэрээр энэхүү анхны дуугаа зохиохдоо М.Дугаржав багшаасаа зөвөлгөө авч байжээ.

Н.Наваан-Юндэнгийн шүлэг, Ж.Дорждагвын ая “Соёл-Эрдэнэ” дуу Монгол түмний ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх 100 дуунд МУГЖ дуучин Ш.Даваахүүгийн дуулснаар оржээ. [0:54-2:47; 1'53"]

Жич: "Соёл-Эрдэнэ" дууны дан аяыг үндэсний хөгжмийн цөөхүүл гурван бадаг хөгжимдөж 1960 онд Радиод бичүүлж Монголын радиогийн алтан сан хөмрөгт үлдээсэн байдаг байна. [0:36-2:28; 1'52"]

Гитарын гоцлол сонсох

[засварлах | кодоор засварлах]

Гоцлолын Монголын Радиод бичигдсэн анхны хувилбар:

  1. 1969 он, МҮОНР, хөгжим Ж.Дорждагва, "Соёл-Эрдэнэ" гитарын гоцлол (С.Баатарсүх гитараар гоцолж тухайн үеийн Радиогийн Цахилгаан Хөгжмийн Чуулга буюу одоогийн "Баянмонгол" чуулга хөгжимдсөн)
  2. 2020-10-17, МҮОНР, Монголын радиогийн “Хүн гараг” нэвтрүүлэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн тухай “Гитар минь уянгалан дуул” хөрөг [4:14 – 7:01; 2'47"]
  3. 2020-10-16, SOUNDCLUOD, MNB, Mongolian National Radio, Гитар минь уянгалан дуул [4:14 – 7:01; 2'47"]  

Гоцлолын сover хувилбарууд:

  1. 2019-02-03, YouTube, Батцэнгэл - Гитарын аяз (Battsengel - Guitar melody) [53:30–56:20; 2'40"]
  2. 2021-10-19, YouTube, Badamdorj, #Соёл-Эрдэнэ | #Soyol Erdene | #Гитарын гоцлол [3'22"]
  3. 2022-03-05, Улаанбаатар, The Corporate hotel and Convetion Centre-н их танхим, МУГЖ Д.Галсанбат болон СТА З.Зундарь нарт зориулсан хүндэтгэлийн концерт, Төрийн Соёрхолт "Харанга" хамтлагийн хэмнэлт гитарчин, хөгжмийн зохиолч МУУГЗ Я.Одсүрэн & гитарчин Өөжгий (Д.Өлзий-Орших)
  4. 2023-04-13, Youtube, Галсанбат & Зундарь Тоглолт (2022.3.5) [1:57-4:48; 2'51"], Төрийн Соёрхолт "Харанга" хамтлагийн хэмнэлт гитарчин, хөгжмийн зохиолч МУУГЗ Я.Одсүрэн [1:57-3:14] & гитарчин Өөжгий (Д.Өлзий-Орших) [3:15-4:48]