Jump to content

Степан Бандера

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Степан Бандера (1909-1959)

Степан Бандера (украин. Степан Андрійович Бандера; 1909 оны 1-р сарын 1-нд Австри-Унгарын Старый Угринов тосгонд төрсөн- 1959 оны 10-р сарын 15-нд ХБНГУ-ын Мюнхен хотод нас барсан) - украины улс төрийн зүтгэлтэн, Баруун Украин дахь Украины үндэсний хөдөлгөөн үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч байсан. Нууц үйл ажиллагаа явуулж байхдаа Баба, Лис, Степанко, Малый, Серый, Рых, Матвей Гордон, Крук зэрэг нууц нэртэй байжээ.

1928 оноос Украины цэргийн байгууллагын гишүүн 1929 оноос Украины үндэстнүүдийн байгууллагын гишүүн, 1933 оноос эдгээр байгууллагуудын Баруун Украин дахь салбарын удирдагч байсан бөгөөд хэд хэдэн террорист ажиллагаа зохион байгуулсан. 1934 онд польшийн эрх баригчидад баривчлагдаж цаазаар авахуулах ял авч сүүлд насаараа хоригдох ялаар солиулсан.

1936-1939 онд Польшийн шоронд ял эдэлж байгаад 1939 оны 9-р сарын 1-нд Германы Польш руу дайрсны дараа эрх чөлөөтэй болжээ. Хэсэг хугацаанд Зөвлөлтийн нутаг дээр нууц ажиллагаа явуулж байгаад германы эзлэн авсан нутаг руу зугтаасан байна. 1940 оны 2-р сард Зөвлөлтийн баруун Украины нутагт "Революционный провод" /Бандерын хөдөлгөөн гэж нэрлэдэг байсан/ хэмээх украины үндсэрхэг үзэлтнүүдийг нэгтгэсэн нууц байгууллага зохион байгуулсан.

Фашистын Герман ЗСБНХУ руу 1941 оны 6-р сард дайрсны дараа Украины үндсэрхэг хөдөлгөөний бусад зүтгэлтнүүдийн хамт түүнийг Украины тусгаар тогтнолыг зөвшөөрөлгүй тунхаглахыг оролдсон гэх хэргээр Германы эрх баригчид баривчилж, гэрийн хорионд оруулж, дараа нь 1942 оны эхээр Нацист Германы удирдлага түүнийг "Заксенхаузен" (герман. KZ Sachsenhausen) хорих лагерь хорьж 1944 оны 9-р сард сулласан байна.

1947 онд үүсгэн байгуулсан "Провод ОУН" -доо тэргүүлжээ. 1952 оны 8-р сард байгууллагын удирлагаа өгчээ. 1956—1959 онуудад гадаад дахь ОУН-ны /Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага/ бүлгүүдийг удирдаж байжээ. 1959 оны 10-р сарын 15-нд Зөвлөлтийн Улсыг Аюулаас хамгаалах хорооны /КГБ/ -ийн агент Богдан Сташинский түүнийг Мюнхенд хороон алсан байна.


2021 онд Польшийн "Эрх зүй, шудрага ёс" намын тэргүүн Ярослав Качински "Украин улс Степан Бандераагийн хамт Европын Холбоонд орохгүй шүү" гэж Ерөнхийлөгч Петро Порошенкод хэлж байжээ. Учир нь энэ хүн дэлхийн хоёрдугаар дайны үед "Волыны аллага" буюу польшийн ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой ажээ.