Jump to content

Стив Балмер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Стив Балмер, 2014 он

Стивен Энтони Балмер (англи. Steven Anthony Ballmer, 1956 оны 3-р сарын 24-нд АНУ-ын Детройт хотод төрсөн) — Америкийн тэрбумтан, 2000 оны 1-р сараас 2014 оны 2-р сарын хооронд Microsoft корпорацын ерөнхий захирал байсан. Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны «Лос Анжелес Клипперс» клубийн эзэмшигч.

Стивен Балмер Детройт хотод эх Беатрис Дворкин (Beatrice Dworkin), эцэг "Ford Motor Company"-ийн менежер Фредерик Хенри Балмер (Frederic Henry Ballmer) нарын гэрт төрсөн. Эцэг нь Швейцараас цагаачилж ирсэн бөгөөд эх нь Америкийн еврей хүн юм.

1973-1977 онд тэрээр Харвардын их сургуульд суралцаж, математик, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 1977-1979 онд "Procter & Gamble" компанид ажиллаж байсан. 1979 онд Стэнфордын бизнесийн сургуульд элсэн орсон.

Стивен Балмер Харвардын их сургуульд сурч байхдаа танилцсан Билл Гэйтсийн урилгаар 1980 оны 6-р сард Майкрософт компанид ажилд ороод шууд л компанид чухал хүн болсон. Тэрээр MS-DOS болон Windows-ийн анхны хувилбаруудыг хөгжүүлэх ажлыг удирдаж байсан юм.

2000 оны 1-р сард Балмер Билл Гэйтсийн оронд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гүйцэтгэх захирлын хувьд Балмер Майкрософт компанийн санхүүгийн үйл ажиллагааг хянадаг байсан бол Б.Гейтс технологийн стратегийн хяналтыг өөртөө үлдээж, ТУЗ-ийн дарга, програм хангамжийн ерөнхий архитектор байсан.

Стив Балмер Skype-ыг худалдаж авснаар Microsoft-ын үүлэн тооцооллын стратегийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Балмерын удирдлага дор компанийн жилийн орлого 25 тэрбум доллараас 70 тэрбум доллар болж, цэвэр ашиг нь 215%-иар өсөж 23 тэрбум доллар болжээ.

2013 оны 8-р сарын 23-нд Стив Балмер 12 сарын дотор корпорацын гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ тухай Майкрософт хэвлэлийнхэнд мэдээлэв.

2014 оны 5-р сарын 29-нд тэрээр NBA-гийн сагсан бөмбөгийн "Лос Анжелес Клипперс" клубийг 2 тэрбум доллараар худалдаж авах санал тавиад 2014 оны 8-р сарын 12-нд тэрээр албан ёсны эзэн болсон юм.