Стоуни брук их сургууль
Стоуни Брук их сургууль (Stony Brook University, SBU) нь Америкийн Нью-Йорк мужийн Лонг Айсланд дахь Стоуни Брук хотод байрладаг улсын судалгааны их сургууль бөгөөд албан ёсны нэр нь Нью-Йорк мужийн Стоуни Брукийн улсын их сургууль (State University of New York at Stony Brook) юм. Энэхүү сургууль нь Нью-Йорк мужийн их сургуулийн систем (SUNY)-ийн хоёр тэргүүлэх сургуулийн нэг бөгөөд нөгөө нь Баффалогийн их сургууль (University at Buffalo) юм. Сургуулийн хотхонд нийт 213 барилга байдаг бөгөөд 1,454 акр буюу 588 га талбай эзэлдэг бөгөөд Нью-Йорк муж дахь хамгийн том нийтийн их сургуульд тооцогддог. Сургуулийг 1957 онд Лонг Айсландад “State University College on Long Island” нэрээр анх байгуулсан бөгөөд 1962 онд өнөөгийн байрлал болох Стоуни Брук руу нүүж ирсэн. SBU нь маш өндөр судалгааны үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын ангилалд багтдаг бөгөөд “R1: Doctoral Universities– Very high research activity” гэх ангилалд ордог. Мөн энэхүү сургууль нь Battelle байгууллагатай хамтран АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа үндэсний лаборатори болох Брукхейвений үндэсний лаборатори (Brookhaven National Laboratory)-ийг хамтран удирддаг. 2004 онд сургуулийн гол хотхоны ойролцоо судалгаа хөгжүүлэлтийн зориулалттай газар худалдан авч, бүс нутгийн хэмжээнд 4 бизнес инкубатор (шинэ бизнесийг дэмжих төв)-той болсон. Одоогоор тус сургуульд 25,500 орчим оюутан суралцаж байгаа бөгөөд нийт ажилтны тоо 15,000 гаруй, багш нар нь 2,850 гаруй байгаа бөгөөд энэ нь Стоуни Брукийн бүс нутагт хамгийн олон ажилтан бүхий байгууллагын нэг юм.