Субраманьяам Жайшанкар

Субраманьяам Жайшанкар (англи. Subrahmanyam Jaishankar; 1955 оны 1-р сарын 9-нд Энэтхэгийн Шинэ Дэли хотод төрсөн) — Энэтхэгийн дипломат бөгөөд улс төрч, 2019 оноос Энэтхэгийн Гадаад хэргийн сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Субраманьяам Жайшанкар нь Дели хотод Энэтхэгийн өмнөд Тамил Наду мужаас гаралтай төрийн албан хаагч, стратеги судлалын шинжээч Субрахманьяам Кришнасвами болон эх Сулочана Субрахманьяам (Sulochana Subrahmanyam) нарын гэр бүлд 1955 онд төрсөн. Түүний дүү 1961 онд төрсөн Субрахманьяам Санжай нь орчин үеийн Энэтхэгийн түүхээр мэргэшсэн профессор болон С.Вижай Кумар -Хөдөө аж ахуй хөгжлийн сайд асан төрийн албан хаагч нар юм.
С.Жайшанкар нь Дели хотын Агаарын цэргийн сургууль, Бангалор хотын Бангалор цэргийн сургуульд суралцсан. Дараа нь Делигийн Их Сургуулийн Дели хотын Гэгээн Стефений коллежид химийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Улмаар Жавахарлал Неругийн их сургуульд улс төрийн шинжлэх ухааны магистр, олон улсын харилцааны чиглэлээр философийн магистр, докторын зэрэг хамгаалсан байна.
1977 онд С.Жайшанкар Гадаад хэргийн яаманд орж, 1979-1981 онд ЗХУ дахь Энэтхэгийн Элчин сайдын яаманд дараа нь АНУ дахь Энэтхэгийн Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга (1985–1988), 1988-1990 онд тэрээр Шри Ланкад Энэтхэгийн Энхийг сахиулах хүчний нэгдүгээр нарийн бичгийн дарга, улс төрийн зөвлөхөөр ажилласан. 1990-1993 онд Румын дахь Энэтхэгийн Элчин сайдын яаманд Худалдааны зөвлөхөөр (1990–1993)-аар ажиллаж байжээ. Шинэ Дели рүү буцаж ирээд тэрээр Гадаад хэргийн яамны Зүүн Европын газрын захирал, тухайн үеийн Энэтхэгийн ерөнхийлөгч Шанкар Даял Шармагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга, илтгэгчээр ажиллаж байжээ.
Жайшанкар нь 1996-2000 онд Токио дахь Энэтхэгийн Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажилласан байна. Энэ үед Энэтхэгийн Покран-II цөмийн туршилтын дараа Энэтхэг-Японы харилцаа уналтад орсон, мөн тухайн үеийн Японы Ерөнхий сайд Мори Ёшироо Энэтхэгт айлчилсны дараа харилцаа сэргэж эхэлсэн. Жайшанкар нь ирээдүйн Японы Ерөнхий сайд Абэ Шинзоог Манмохан Сингхтэй танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлж байсан.

Тэрээр мөн Энэтхэгийн Чех (2000–2004), 2007-2009 онуудад Жайшанкар Сингапур дахь Энэтхэгийн дээд комиссараар ажиллаж байжээ. Тэрээр албан тушаалаа хашиж байх хугацаандаа Энэтхэгийн Сингапур дахь бизнесийн оролцоог өргөжүүлсэн Цогц Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээрийг (CECA) хэрэгжүүлэхэд тусалсан бөгөөд Сингапур цэргийн зарим техник хэрэгслээ Энэтхэгт байнга байлгах батлан хамгаалах зохицуулалтыг хянаж байжээ.

2009–2013 онд тэрээр Энэтхэгийн Хятад дахь Элчин сайд байхдаа Хятад, Энэтхэгийн хоорондын эдийн засаг, худалдаа, соёлын харилцааг сайжруулах, Хятад-Энэтхэгийн хилийн маргааныг зохицуулахад оролцсон бөгөөд хоёр улсын харилцаанд хэд хэдэн томоохон хөгжил гарсан байв.
С.Жайшанкар 2013–2015 онд АНУ дахь Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
2015 оны 1-р сарын 29-нд тэрээр Нарендра Модигийн Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Жайшанкар 2018 онд Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргын албан тушалаа өгсөний дараа Тата Группт дэлхийн корпорацийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгчөөр томилогдсон байна.

2019 онд тэрээр Гужарат мужийг төлөөлсөн Бхаратиа Жаната намаас Энэтхэгийн парламентын дээд танхимд сонгогдсон. 2019 оны 5-р сарын 31-нд тэрээр Сушма Сваражийг оронд Нарендра Модигийн хоёр дахь удаагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна.
С.Жайшанкар 2026 оны 6-р сарын 20-22-нд Монгол Улсад албан ёсоор айлчилсан.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]С.Жайшанкар Жавахарлал Неругийн Их Сургуульд суралцаж байхдаа Шобха танилцаад гэрлэсэн боловч эхнэр нь хорт хавдраар нас барсан байна. Дараа нь тэрээр Япон дахь Энэтхэгийн Элчин сайдын яаманд ажиллаж байх үедээ Киоко Сомекава гэх япон эмэгтэйтэй танилцаад гэрлэсэн байна.
Тэрээр гурван хүүхэдтэй: анхны гэрлэлтээсээ хүү Дхрува, охин Медха, хоёр дахь гэрлэлтээс хүү Аржун төрсөн юм.
С.Жайшанкар англи, хинди, тамил, япон, орос болон унгар хэлтэй ажээ.