Jump to content

Сугар гарагийн агаар мандал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сугар гарагийн агаар мандал нь уг гарагийг хүрээлэх маш нягт хийн давхарга юм. Сугар гарагийн агаар мандлын 96.5% нь нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂), 3.5% нь азот (N₂)-оос бүрддэг бөгөөд бусад химийн нэгдлүүд маш бага хэмжээгээр агуулагддаг. Энэ нь дэлхийн агаар мандлаас хамаагүй нягт бөгөөд халуун байдаг. Сугар гарагийн гадаргуугийн температур нь 740 Кельвин (467 °C, 872 °F), харин даралт нь 93 бар (1,350 psi) буюу дэлхий дээр далайн 900 м (3,000 фут)-ийн гүнд үүсдэг даралттай адил юм. Сугар гарагийн агаар мандал гарагийг бүхэлд нь бүрхсэн хүхрийн хүчил агуулсан тунгалаг үүлээр оптик төхөөрөмжөөр дэлхийгээс болон хиймэл дагуулаас ажиглалт хийх боломжийг хаадаг. Гадаргуугийн топографийн мэдээллийг нь зөвхөн радарын дүрслэлээр олж авсан юм.

Агаар мандлын гадаргуугийн давхаргуудаас бусад хэсгүүд нь эрчимтэй эргэлтийн байдалд байдаг. Тропосферийн дээд давхарга нь уг гарагийн одны өдрийн 243 хоногоос хамаагүй хурдан буюу ердөө дэлхийн дөрвөн өдрийн дотор тойрон эргэлддэг агаар мандал, өөрөөр хэлбэл супер эргэлтийн үзэгдлийг харуулдаг. Супер эргэлтийг бий болгодог салхи 100 м/с (ойролцоогоор 360 км/ц эсвэл 220 миль/ц) буюу түүнээс дээш хурдтайгаар салхилдаг. Эдгээр салхины хурд нь гаригийн эргэлтийн хурднаас 60 дахин их байдаг бол, харин дэлхийн хамгийн хурдан салхи гарагийн эргэлтийн хурдны ердөө 10-20%-д хүрдэг. Нөгөө талаас, гадаргуу руу ойртох тусам салхины хурд аажмаар буурч, гадаргуу дээр салхи дөнгөж 2.8 м/с (ойролцоогоор 10 км/ц эсвэл 6.2 миль/ц)-д хүрдэг. Туйлын бүсэд туйлын эргүүлэг гэж нэрлэгддэг эсрэг циклоны бүтэц байдаг. Эргүүлэг тус бүр нь хоёр төвтэй бөгөөд S хэлбэрийн үүлний онцлог шинж чанарыг харуулдаг. Тропосферийн дээр мезосфер гэж нэрлэгддэг завсрын давхарга оршдог бөгөөд энэ давхарга тропосферыг термосферээс тусгаарладаг. Термосфер нь мөн хүчтэй эргэлтээр тодорхойлогддог ч, уг эргэлт нь нарны гэрэлд халаагдаж, хэсэгчлэн ионжсон хий нар гэрэлтэж буй хагасаас харанхуй хагас руу шилжин, тэндээ дахин нэгдэж, доош урсдаг онцлогтой.

Дэлхийгээс ялгаатай нь, Сугар гаригт соронзон орон байдаггүй. Түүний ионосфер нь агаар мандлыг сансар огторгуй болон нарны салхинаас тусгаарладаг. Энэ ионжсон давхарга нарны соронзон орныг тусгаарлаж, Сугар гарагт өвөрмөц соронзон орчныг бүрдүүлдэг. Энэ нь Сугар гаригийн үүсгэгдсэн соронзон мандал гэж тооцогддог. Усны уур, зэрэг хөнгөн хийнүүд нарны салхины нөлөөгөөр үүсгэгдсэн соронзон сүүлээр тасралтгүй хийсдэг. Ойролцоогоор 4 тэрбум жилийн өмнө Сугар гарагийн агаар мандал нь дэлхийтэй адил шингэг устай гадаргуутай байсан гэж таамагладаг. Гадаргын ус ууршиж, мөн бусад хүлэмжийн хийн түвшин нэмэгдсэниы улмаас хяналтаас гарсан хүлэмжийн нөлөөлөл үүссэн байж болзошгүй.