Jump to content

Суннит урсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Суннит урсгал, ахль ас-сунна ва-ль-жама‘а (араб. أهل السنة والجماعة‎ — «сунны болон умма нарын нийгэмлэг») — Исламын шашны үндсэн бөгөөд хамгийн олон дагагчтай урсгал.

Ногоон өнгө: суннит урсгал, улаан өнгө: шийт урсгал, хүрэн өнгө: ибадит урсгал.

Зөнч Мухаммед болон анхны гурван Зөв Халифуудаар удирдуулсан Халифатын үед Мусульман нийгэмлэг (умма) нэгдмэл байсан. Халиф Усманыг хөнөөсний дараа (656) Мусульман нийгэмд хагарал үүссэн бөгөөд энэ нь Али, Муавия нарын хоорондох мөргөлдөөний үеэр улам гүнзгийрсэн юм. Халифат улс өргөжсөний дараа Исламыг хүлээн зөвшөөрсөн зарим хүмүүс өмнө нь шүтэж байсан шашныхаа үзэл бодлыг Исламын сургаалд оруулахыг оролджээ. Энэ нь шашны бүлэглэл, хэт туйлширсан үзэл бодлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь исламын нийгэмд хуваагдал үүсгэсэн ажээ. Төвийн үзэл баримталдаг олон хамтрагчид болон тэдний дагалдагчид (табиун) шашны бүлэглэл, хэт туйлшралыг эсэргүүцсэн байна. Ибн Умар, Ибрахим ан-Нахай, Хасан аль-Басри, Абу Ханифа болон бусад Исламын шашны төлөөлөгчдыг энэ урсгалын үндэслэгч гэж үздэг.

Хасан аль-Басри нь Суннитуудын "тайван үзэл бодолтой" итгэл үнэмшлийг системчлэхэд гол үүрэг гүйцэтгэж, улс төрийн асуудал болон шашны бүлэглэлийн талаарх өөрийн үзэл бодлыг тодорхойлсон. Тэрээр Умайядын гүрний засаглалын аргыг шүүмжилж, тэдний дарангуйллын эсрэг байжээ. Хасан аль-Басри Куран болон Суннитын зарчмуудтай зөрчилдсөн зарлигтай засгийн газрыг дэмжихийг хориглоно гэж тунхаглаж байжээ.

Шийтүүд, Харижитууд, Мутазиличууд болон янз бүрийн шашны сэтгэлгээний урсгалуудтай хийсэн ширүүн мэтгэлцээний үр дүнд Суннит урсгалын итгэл үнэмшлийн онолын үндэс суурийг боловсруулж, системчилсэн байна. Энэ бүхэн нь өнөөг хүртэл Суннитийн сургаалыг төлөөлж буй Матуриди, Ашъари, Асъари (Салафи) гэсэн Суннит урсгалуудад тусгалаа олсон юм. Исламын ортодокс буюу сэтгэлгээний эдгээр гурван урсгал хоорондоо зарим ялгаатай боловч үндсэн биш юм. Исламын үдсэн зарчмуудыг боловсруулсан нэр хүндтэй эрдэмтдийн тоонд Абу Мансур аль-Матуриди, Абу аль-Хасан аль-Ашари, Абу Хамид аль-Газали, Ибн Таймия болон бусад хүмүүс ордог.

Pew Research Center төвийн 2010 оны судалгаагаар дэлхий дээр 1.62 тэрбум ислам шашинтан байгаа бөгөөд тэдний 85-90% нь Суннит урсгалын шашинтнууд байгаа ажээ.