Супер оюун
Супер оюун гэдэг нь ухаалаг, хүний оюунаас давсан оюун ухаантай хийсвэр агент юм. Супер оюун нь тодорхой салбарт маш сайн гүйцэтгэлтэй дэвшилтэт асуудал шийдвэрлэгч системтэй байдаг (жишээлбэл, суперухаалаг орчуулагч эсвэл инженерийн туслах зэрэг). Гэсэн хэдий ч ерөнхий зориулалтын Супер оюун нь одоогоор зөвхөн таамаг төдий бөгөөд үүний бий болох нөхцөл нь оюун ухааны тэсрэлт эсвэл технологийн сингуляр аас байх өндөр магадлалтай, эсвэл огт бий болохгүй ч байж болно.
Оксфордын их сургуулийн философич Ник Бостром Супер оюун гэдгийг “хүн төрөлхтний оюуны гүйцэтгэлийг бүгдийг давсан зүйл” хэмээн тодорхойлсон байдаг. “Fritz” гэх програм хүнээс хамаагүй илүү шатар тоглодог ч бусад даалгаврууд дээр хүнд гүйцэгдэх учраас энэхүү тодорхойлолтыг хангахгүй. Технологи судлаачид хүний оюуны чадамжийг ирээдүйд хиймэл оюун давж чадах эсэх дээр санал нийлдэггүй. Зарим нь хиймэл оюуны дэвшлүүд нь хүний оюуны хязгаарлалтыг давсан ерөнхий логик системийг бий болгоно гэж үздэг. Харин зарим нь хүн өөрөө хувьсан өөрчлөгдөх эсвэл өөрийн биологийг шууд өөрчлөх замаар илүү өндөр оюун ухаанд хүрнэ гэж итгэдэг. Зарим таамаглалтай судалгаанууд дээр хоёр боломжийн аль алиныг нь хослуулан хүн компьютертэй холбогдох, эсвэл өөрийн оюун санааг компьютерт байршуулснаар оюуны чадавхаа эрс нэмэгдүүлэх магадлалтай гэж үздэг.