Jump to content

Сэм Мур Уолтон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сэм Уолтон

Сэмюэл Мур «Сэм» Уолтон (англи. Samuel Moore "Sam" Walton; 1918 оны 3-р сарын 29-нд Оклахома мужийн Кингфишер хотод төрсөн —1992 оны 4-р сарын 5-нд Арканзас мужийн Литл Рок хотод нас барсан) — америкийн бизнесмен, "Walmart" болон "Sam's Club" сүлжээ дэлгүүр, агуулахууд үүсгэн байгуулсан тэрбумтан. 1985-1988 онуудад Forbes сэтггүл Сэма Уолтоныг Америкийн хамгийн баян хүн гэж тодорхойлсон юм.

Сэмюэл Мур Уолтон Оклахома мужийн Кингфишер хотод Томас Гибсон Уолтон, Нэнси Ли нарын гэр бүлд төржээ. Тэрээр 1923 он хүртэл эцэг эхийнхээ хамт ферм дээр нь амьдарч байсан. Гэсэн хэдий ч газар тариалан нь гэр бүлээ тэжээхэд хангалттай мөнгө өгөхгүй байсан тул эцэг Томас Уолтон фермээ барьцаанд өгч байсан ажээ. Тэрээр дүүгийнхээ Уолтон моргейжийн компанид ажиллаж байсан бөгөөд энэ нь "Метрополитан амьдралын даатгал"-ын агентлагийн төлөөлөгч байсан бөгөөд Их хямралын үеэр фермүүдийг барьцаалдаг байжээ.

Эцэст нь гэр бүл нь Миссури мужийн Колумбиа хот руу нүүжээ. Их хямралын үед өсч торнисон тэрээр гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахын тулд тухайн үеийн нийтлэг байдлаар гэрийн ажил хийж айлын үнээгээ сааж, илүүг нь савлаж, худалдан авагчдад хүргэж өгдөг байжээ. Ахлах сургуулиа төгсөөд Уолтон гэр бүлээ тэжээхэд туслах илүү сайн арга замыг хайж олно гэж найдаж коллежид суралцахаар шийджээ. Тэрээр Миссуригийн их сургуульд ROTC цэргийн бэлтгэл курсантаар суралцаад шилдэг оюутны нийгэмлэгт элссэн байна.

Сэм коллеж төгсөхийн өмнөхөн "J.C.Penney" компаниас ажлын санал авч 1940 оны 7-р сарын 3-нд Айова мужийн Де Мойн хот руу нүүж, жижиглэнгийн худалдааны дэлгүүрт менежерийн дадлагажигчаар ажиллаж, сард 75 долларын цалин авч эхэлжээ.

Тжэрээр 1942 оны эхээр "J.C.Penney" компани дахь ажлаа орхиж, өмнө зүгт рүү нүүж ирээдүйн эхнэр Хелен Робесонтой танилцжээ. Тэд уулзсаны дараахан буюу 1942 онд Сэмийг АНУ-ын армид татсан боловч зүрхний өвчний улмаас тулалдаанд оролцохыг зөвшөөрөөгүй бөгөөд дэслэгч, дараа нь ахмад цолтой Сэм нисэх онгоцны үйлдвэр, Калифорни дахь олзлогдогсдын хуаранд аюулгүй байдалд хяналт тавьдаг ажил хийж байжээ.

Түүнийг цэрэгт татагдсаны жил орчмын дараа буюу 1943 оны 2-р сарын 14-нд Сэм Уолтон, Хелен Робесон нар гэрлэжээ

Анхны дэлгүүр

Дайны дараа Уолтон нар жижиглэнгийн худалдаа эрхлэхээр шийджээ. Сэм Уолтон Арканзас мужийн 7 мянган хүн амтай Ньюпорт хотод 25,000 долларын үнэтэй дэлгүүр түрээсэлжээ. Энхнэр Хелений эцэг дэлгүүр худалдаж авахын тулд хосуудад 20,000 доллар зээлжээ. Дэлгүүр нь "Бен Франклин" франчайзын дор үйл ажиллагаагаа явуулдаг байв. Дэлгүүр нь 1945 оны 9-р сарын 1-нд нээгдсэн байна. Өмнөх эзэмшигчийн үед тус дэлгүүр жилд 72,000 долларын орлого авчирдаг байжээ. Харин Уолтон үйл ажиллагааны эхний жилд 105,000 долларын орлого, хоёр дахь жилдээ 140,000, гурав дахь жилдээ 175,000 долларын орлого олж өссөн байна. Ньюпорт дахь анхны дэлгүүртээ Сэм Уолтон хожим Wal-Mart-д амжилт авчрах технологиудыг хөгжүүлж эхэлсэн: бараагаа хямд үнээр зарах, зуучлагчдаас бус шууд үйлдвэрлэгчээс хямд үнээр бараа худалдаж авах, баярын өдрүүдэд дэлгүүрийн ажиллах цагийг уртасгах гэх мэт.

1950 оны хавар Уолтоны гэр бүл Арканзас мужийн 3 мянган хүн амтай Бентонвилл хот руу нүүжээ. Уолтоны гэр бүл энэ үед Боб, Жон, Жим, Алис хэмээх 4 хүүхэдтэй болсон байв. Эхнэр Хелен Уолтон тэр үед 10,000 хүн амтай хотуудыг хэтэрхий том гэж үздэг байв.

Wal-Mart-ын анхны дэлгүүр 1962 оны 7-р сарын 2-нд Арканзас мужийн Рожерс хотод нээгдэв. Сэм Уолтон хэдийнэ 44 настай байсан. Уол-Март гэдэг нэрийг цөөн тооны үсэгтэй тул сонгосон байна. Уолтон дэлгүүрийн менежментийн философийг төлөвлөхдөө Хятадын Ruifuxiang сүлжээнээс санаа авчээ.

1979 он гэхэд Walmart сүлжээ дэлгүүрийн тоо 230 болж, жилийн орлого нь 1 тэрбум доллараас давжээ.

Сэм Уолтон 1943 оны 2-р сарын 14-ний "Гэгээн Валентины өдөр" Хелен Робсонтой гэрлэж, 1944 онд төрсөн Сэмюэл Робсон (Роб), 1946 онд төрсөн Жон Томас (1946–2005), 1948 онд төрсөн Жеймс Карр (Жим), 1949 онд төрсөн Алис Луиза гэсэн дөрвөн хүүхэдтэй болсон.

Сэм Уолтон янз бүрийн буяны үйлсийг дэмжсэн. Тэрээр Хелентэй хамт Бентонвилл дэх 1-р Пресвитериан сүмд идэвхтэй ажиллаж байсан; Сэм ахлагч, Ням гарагийн сургуулийн багшаар ажиллаж, ахлах ангийн сурагчдад хичээл зааж байжээ. Гэр бүл нь сүмд ихээхэн хувь нэмэр оруулсан. Уолтон "үйлчилгээний манлайлал" гэсэн ойлголтыг Уолмартын корпорацийн бүтцэд Христийг зарц удирдагч гэдэг үзэл баримтлалд үндэслэн боловсруулж, Христийн шашинд суурилсан бусдад үнэт зүйлийн чухлыг онцолдог байсан юм.

Тэрээр 1992 онд 74 настайдаа Уолтон цусны хорт хавдраар нас барсан. Түүнийг Арканзас мужийн Бентонвилл хотод эртнээс удаан жил амьдарсан гэрийнх нь оршуулгын газарт оршуулжээ.