Jump to content

Сэнгэринчен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сэнгэринчен
Хорчин зүүн гарын хойд хошууны засаг ноён,
Хошой Бодлоготой чин ван
Албан тушаал хашсан
1825–1865
MonarchТөр гэрэлт
Түгээмэл элбэгт
Бүрэн засагч
ӨмнөхСодномдорж
ДараахБуяннэмэх
Хувийн мэдээлэл
Төрсөн1811
Нас барсан1865 оны 5 сарын 18 (54 насалсан)

Сэнгэринчен (ᠰᠡᠩᠭᠡᠷᠢᠨᠴᠢᠨ, Хятад: 僧格林沁; Төвөд: སེང་གེ་རིན་ཆེན།; 1811 – 1865 оны 5 сарын 18) монгол язгууртан, Чин улсын үед Төр гэрэлт, Түгээмэл элбэгт, Бүрэн засагч хаадад хүчин зүтгэж явсан цэргийн жанжин. Тэрээр Хар тамхины хоёрдугаар дайны Балишаогийн тулалдаан болон Тайпин, Нианий бослогуудыг дарахад гавьяа байгуулснаараа алдаршсан.

Сэнгэринчен нь Чингис хааны дүү Хасарын 26 дахь үеийн удам, Боржигин овгийн хүн бөгөөд Өвөр Монголын Хорчин зүүн гарын хойд хошууных. Хүүхэд байхад нь хошууны засаг, жүн ван Содномдорж (索特納木多布濟) түүнийг өргөн авсан бөгөөд 1825 онд тэр Содномдоржийг залгамжлан хошуу засаг болсон.

Сэнгэринчен цэргээ удирдан тулалдахаар явж байгаа нь

1853 онд Түгээмэл элбэгтийн үед гарсан Тайпингийн бослогод оролцогчдыг Сэнгэринчен Тяньжиний өмнө зүгт довтлон ялсан. Түүний амжилтыг эзэн хаан үнэлж, 1855 онд "Бодлоготой чин ван" (博多勒噶台親王) цол хүртээжээ. Мөн онд Фэнгуаний бүлэглэл (馮官屯, өнөөгийн Шаньдун мужийн Ляочэн хотын Чипин тойрог)-т халдсан Тайпингийн босогчдыг няцааж, жанжин Ли Кайфан (李開芳)-г баривчилсан аж.

1857 онд хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчен ерөнхий командлагчаар томилогдон, Тяньжиьг хамгаалах ажиллагааг удирдав. 2 жилийн дараа, Англи, Францын армийг Дагу бэхлэлтийн 2-р тулалдаанд ялсны дараа тэндээ бэхлэлт барин цэргээ суулгасан боловч 1860 онд болсон 3 дахь тулалдаанд Англи, Францчууд ялж, Тяньжинийг эзлэхэд Сэнгэринчен армиа аван Тонжоу хүртэл ухрав. Харри Смит Паркес, Хэнри Лох нараар удирдуулсан Англи-Францын төлөөлөгчид энхийн хэлэлцээ хийхээр Тонжоуд ирэхэд хошой өргөн чин ван Зайюань болон бусад төлөөлөгчдийн хамтаар Сэнгэринчен барууны төлөөлөгчдийг баривчилж Бээжин уруу илгээсэн бөгөөд тэнд Паркес, Лох нараас бусад олзлогдогсод халдварт өвчин, яргаллын улмаас үхжээ. Балишаогийн тулалдаанд тэрээр монгол морин цэргээ удирдан Англи-Францын хүчтэй байлдаж, холбоотны цэрэгт Бээжинг эзлэх боломж олгоогүй ч өөрсдөө асар их хохирол амсав. Үүний дараа Сэнгэринчэний зэрэг дэвийг бууруулсан ч ерөнхий командлагчийн албан тушаалыг нь хэвээр үлдээсэн аж.

Чингийн захиргаа Нианий бослого гарсан мэдээг аваад Сэнгэринченг Шаньдун, Хэнань, Аньхуй дахь бослогыг даруулахаар илгээжээ. 1865 онд Гаолоу бэхлэлтийн тулалдааны үеэр Лай Вэньгуан, Сон Жинши (宋景詩) нарын удирдсан босогчдын отолтод оров. Тэр морин цэргүүдийнхээ хамтаар зугтахыг оролдож ойд бүгсэн боловч босогчдын нэг толгойлогч Жан Пигэнг (張皮綆)-д алагджээ.

Сэнгэринчений цогцсыг Бээжинд хүргэж, гурван өдрийн гашуудал зарласан бөгөөд эзэн хаан Бүрэн засагч, Хатан эх Цыань, Хатан эх Цыши нарын хамт түүний оршуулгад оролцож, Сэнгэринчений дурсгалын сүм босгохыг зарлигджээ. Ийнхүү эзэн хааны зарлигаар босгосон "Шяньжонци" сүм (顯忠祠; "Үнэнч байдлыг илэрхийлэх сүм") нь одоогийн Бээжин хотын Дончэн дүүргийн Куаньжиэ бага сургуулийн байгаа газарт байсан гэдэг.

Сэнгэринченгийн Чингийн эзэн хаанд үнэнчээр зүтгэснийг БНХАУ-ын албан ёсны түүхэнд Хятадын эх оронч үзлийн илэрхийлэл болгон сурталчилдаг. 1995 онд Өвөр Монголын Тонляод Сэнгэринчений дурсгалын музей нээгджээ.

Сэнгэринченг түүний хүү Буяннэмэх (伯彥訥謨祜; 1836–91) залгамжилсан. Буяннэмэхийн зургаан хөвгүүний 3 нь лам болсон бөгөөд том хүү Нарс (那爾蘇; 1855–90) хошой хатан чин ван Ишуаний том охинтой гэрлэж, бэйл цол хүртсэн. Нарсугийн хүү Амарлингуй (阿穆爾靈圭; 1886–1930) болно. Буяннэмэхийн бага хүү Бодис (博迪蘇; 1871–1914) Бүгд Найрамдах засгийн үед Үндэсний хурлын гишүүнээр сонгогдож явжээ.

  • Hummel, Arthur William, ed. Eminent Chinese of the Ch'ing Period (1644-1912). 2 vols. Washington: United States Government Printing Office, 1943.