Сёдра латин
Сёдра латин, албан ёсоор Сёдра Латин гимнази (шве. Södra Latin, Södra Latins gymnasium, “Өмнөд латин” гэсэн утгатай) нь Шведийн Стокхольм хотын Сёдермальм дүүрэгт байрлах бүрэн дунд сургууль юм. Энэ сургуулийн одоогийн барилга нь 1891 онд ашиглалтад оржээ. Сёдра Латин сургууль нь баялаг түүхтэй. Түүний өмнөх сургууль болох Сёдермальмын Педагогиа нь анхны захирлаа тэртээх 1654 онд томилж байжээ.
1820 онд уг сургууль нь суурь дунд боловсролын сургалттай болж өргөжсөн бөгөөд 1879 онд Стокхольм бүрэн дунд сургуулын өмнөд хэсэгтэй нэгдэж, нэрээ шинэчлэн “Stockholms högre allmänna å latinlinjens fullständiga läroverk å Södermalm” буюу орчуулбал “Стокхольмын дээд түвшний ба латин хөтөлбөртэй бүрэн дунд сургууль” болгон өөрчилжээ. Тухайн үеэс хойш тус сургууль нь хэд хэдэн удаа нэрээ сольж байсан бөгөөд эцэст нь 1971 онд өнөөгийн нэршлээ албан ёсоор сонгож авчээ.
Одоогийн барилга нь архитектор Пер Эмануэлын загвараар баригдаж, 1891 онд нээлтээ хийсэн байна (Түүнтэй ижил загвартай, түүний ихэр сургууль болох Нора Реал сургууль нь нэг жилийн өмнө нээлтээ хийсэн байв). Энэхүү барилга нь дотоод орчны бүх өрөө, коридорыг байгалийн гэрлээр шууд гэрэлтэх боломжтой байхаар бүтээгдсэн бөгөөд нийт 21 анги танхим баригджээ. Загварын онцлог нь сүр бараатай улбар шаргал улаан тоосгон өнгөтэй фасатнаас гадна барилгын төлөвлөлтийн төв хэсэгт байрлах хагас дугуй хэлбэртэй хурлын танхим юм. Хамгийн сүүлд 1996 онд сэргээн засварлалт хийсэн байна.