Jump to content

Сүзүки Зэнко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сүзүки Зэнко

Сүзүки Зэнко (япон. 鈴木 善幸 Сүзүки Зэнко:, 1911 оны 1-р сарын 11-нд Иватэ мужийн Ямада хотод төрсөн — 2004 оны 7-р сарын 19-нд Токио хотод нас барсан) — японы төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1980-1982 онд Японы Ерөнхий сайд.

Тэрээр загас агнуурын үйлдвэр эрхлэгчийн гэр бүлд төрсөн. Тэрээр 1935 онд Токио хотноо Японы Хөдөө аж ахуй, ойн яамны харьяа Загас агнуурын дээд сургуулийг төгссөн бөгөөд Японы загас агнуурын аж үйлдвэрийн чиглэлээр мужийн болон үндэсний байгууллагад хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байжээ.

Дэлхийн 2-р дайны дараа тэрээр улс төрд идэвхтэй оролцож Японы Социалист намын гишүүн байсан бөгөөд 1947 онд тус намаас парламентад сонгогдож, 1948 онд Японы Либерал намд шилжиж орсон байна. 1955 онд Японы Либерал ардчилсан нам байгуулагдсаны дараа тэрээр тус намын гишүүн болсон бөгөөд түүний дараагийн карьер бүхэлдээ энэ улс төрийн намтай холбоотой байв. Тэрээр хэд хэдэн удаа Японы засгийн газрын гишүүн байсан. 1965-1966 онд Эйсаку Сатогийн кабинетад Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд. 1976-1977 онд Такео Фукудагийн танхимд Хөдөө аж ахуй, ойн яамны сайд. Тэрээр Японы Либерал ардчилсан намын удирдлагад нөлөө бүхий албан тушаал хашиж байсан.

Сүзүки Зэнко 1980 оны 7-р сад Ерөнхий сайд болоод АНУ-тай цэргийн нягт хамтран ажиллах чиглэлээ үргэлжлүүлэв. Тодруулбал, Япон улс Хоншүү арлын Мисава агаарын баазад алсын зайд цөмийн зэвсгийг дамжуулах чадалтай Америкийн нисэх онгоцуудыг байрлуулахыг зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ улс орнуудын хооронд эдийн засаг, худалдааны ноцтой хурцадмал байдал тасралтгүй үргэлжилсээр байв.

БНХАУ-тай харилцах харилцаа үргэлжлэн хөгжүүлж байв. Хэдийгээр 1982 оны 7-р сард Японы сургуулийн сурах бичигт Япон-Хятадын харилцааг гуйвуулж тайлбарласныг Хятадын тал эсэргүүцсэн боловч энэ нь улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэхэд саад болоогүй юм. Тодруулбал, 1982 оны 9-10 дугаар сард улс хоорондын харилцаа хэвийн болсны 10 жилийн ойг тохиолдуулан Сүзүки Зэнко БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Японы Засгийн газрын эдийн засгийн төлөвлөгөөнд олон нийт дургүйцсэн нөхцөлд ЛАН доторх фракц хоорондын тэмцэл ширүүсч, Сүзүки намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцроход хүрсэн. Сүзүки Зэнко нам, засгийн газрын удирдах албан тушаалаасаа огцрох болсон шалтгаанаа нам, засгийн газрын дотоод эв найрамдлыг хадгалах хүсэлтэй байгаатай холбон тайлбарлаж, хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул нам, засгийн газрын тэргүүний албан тушаалд хоёр дахь удаагаа нэр дэвшүүлээгүй. Удалгүй 1982 оны 11-р сард түүнийг оронд Накасонэ Ясүхиро Ерөнхий сайдын албан тушаалд очсон.