Jump to content

Сүхбаатар аймгийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь 1949 оны 4-р сарын 15-нд "Орон нутаг судлах кабинет" нэртэй байгуулагдсан. 1962 онд музейн зориулалттай 4 танхим бүхий байшин барьж ашиглалтанд оруулсан. 1972 онд Соёлын яамны шийдвэрээр "Орон нутаг судлах музей" болж өргөжсөн байна.

Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 2300 үзмэртэй. Нэн эртний үеэс (НТӨ) 20-р зууны сүүл үе хүртэлх Угсаатны зүйн түүхийг үзмэрийн 9, түр үзэсгэлэнгийн 1 танхимдаа дэлгэн үзүүлдэг.

Музейд түүх соёлын хосгүй үнэт өвөөр бүртгэгдсэн Дарьганга эмэгтэйн толгойн боолт, үсний хавчаар, Үзэмчин эхнэрийн толгойн гоёл зүүсгэл байдаг. Тэдгээр гоёлыг хувцас загвар, гар урлалын салбарынхантай хамтран бэлэн хувцас, бэлэг дурсгалын зүйлс, ил захидал зэрэг 4-5 төрлийн бүтээгдэхүүн болгож байгаа аж.

Тус музейд Халзан сумын Халзаншандаас олдсон цэрдийн галавын үеийн аварга хирсний дунд чөмөгний яс, Хар худгийн говиос олдсон чулуужсан яст мэлхий байна. Мөн 13-р зууны эзэнт гүрний үеэс Манжийн ноёрхолын төгсгөл хүртэлх үеийн зоос, мөнгөн дэвсгэртүүд байна. 1960-аад оны дундуур Түвшинширээ сумын уран сийлбэрч Г.Монхооройн нэг ч төмөр оруулалгүй дан модоор урласан оёдлын машин, модон сийл бэрүүд, уран С.Яримпилын онгоц нисч, машин давхиж, хөхөө донгодсон эгшигт хайрцаг одоо ч үзэгч олны сонирхлыг татсан үзмэрүүд байна. Мөн төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбарын эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, пянз тоглуулагч, цүнх, үзэг дэвтрээс аваад түүний зурсан зураг, хайрын захидлыг нь хоёр том зааланд байрлуулжээ. Ардын армийн анхны генералуудын нэг Г.Дагдангаас аваад тус аймгийн уугуул 6 генералын амьдрал, үйл ажиллагааг харуул сан тусгай булантай ажээ.

Дарьгангын үе үеийн нэрт дархчуудын мөнгөн урлалын бүтээл болох Дарьганга хийцийн мөн чанарыг харуулсан мөнгөн эмээл, эхнэрийн иж бүрэн дээл хувцас, толгойн зүүлт боолтноос аваад олон эдлэл хэрэглэл байгаа. Тухайлбал, М.Балдан-Осор Дарханы мөнгөдсөн гангар шаазан, мөнгөн цөгц, цул мөнгөн 12 жил, лууны дүрс товойлгон сийлсэн зэс таваг, Молом дарханы урласан ёроолдоо хөдөлгөөнт луу ороолгосон мөнгөн аяга, М.Сэнгэдоо дарханы нэг талдаа 12 жил, нөгөө талдаа найман тахил сийлбэрлэсэн иж бүрэн хэт хутга, Ш.Дондов дарханы үсэг эвлүүлж онгойдог цоож зэрэг байна. Эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байсан Дарьганга хийцийн мөнгөн эмээл, хулсан ташуур, сувдан даруулга худалдан авч музейн сан хөмрөгөө баяжуулсан байна.