Сүхбаатар аймаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Сүхбаатар (аймаг)-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Энэ аймгийг бусад Сүхбаатараас ялган таниарай.
Сүхбаатар аймаг
Сүха-мб.png
—  аймаг  —
Талын нэгэн овоо (1972 он)

Сүлд туг

Сүлд тэмдэг
Монгол орон дахь Сүхбаатар аймаг
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Сүхбаатар
Сум (13) Нэр бүхий 13 сум
Аймгийн төв Баруун-Урт
Газар нутаг 82,287.15 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 51,334 хүн [1]
- МУ-ын иргэн 51,178 хүн (99.7%) [2]
Хүн ам (тооц.) 2012 онд 55,648 хүн [3]
Нягт сийрэг 2012 онд 0.68 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол, бүртгэлээр олонх нь халх, дарьганга
Нутгийн олон Сүхбаатарынхан
1931-1942 он Ихэнх нутаг Дорнод аймагт,
зарим нь Хэнтий аймагт байв
1942 он Жавхлантшарга аймаг үүссэн
1943 он Сүхбаатар аймаг болсон
Засаг дарга Жамбын Батсуурь (АН)
Цагийн бүс Чойбалсангийн цаг (ГЦ+8)
Утасны дуг. +976 151
Шуудан-дугаар 22000
Автомашиных СҮ
Цахим газар sukhbaatar.mn

Сүхбаатар (худам монголоор Сүхбаатар мб.PNG - sükebaɣatur, сүхэбагатур) — Монгол улсын аймаг.

Түүх[засварлах]

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.

1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.

Газар усан[засварлах]

Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм.

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Хавиргын булаг, [Талбулаг]], Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Амьтан ургамал[засварлах]

өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.

Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга, зэрлэг гахай, Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль янгир нутагшиж байна.

Сум нутаг[засварлах]

Газрын зураг
Сумын нэр
(хоттойг тод)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2008[4] 2012[3]
1 Асгат 4 1,775 1,752
2 Баруун-Урт 9 15,549 17,463
3 Баяндэлгэр 6 4,560 4,614
4 Дарьганга 4 2,884 2,856
5 Мөнххаан 5 4,335 4,269
6 Наран 3 1,466 1,550
7 Онгон 5 3,638 3,655
8 Сүхбаатар 5 3,263 3,178
9 Түвшинширээ 5 3,035 3,017
10 Түмэнцогт 3 2,339 2,391
11 Уулбаян 5 3,010 2,780
12 Халзан 4 1,622 1,596
13 Эрдэнэцагаан 8 6,309 6,527
Аймгийн дүн 66 53,785 55,648

Хүн ам[засварлах]

Сүхбаатар аймгийн хүн ам [5][6] [7] [8][9]
1956
тоол.
1960
тооц.
1963
тоол.
1969
тоол.
1975
тооц.
1979
тоол.
1981
тооц.
1989
тоол.
1991
тооц.
1993
тооц.
1994
тооц.
1996
тооц.
1998
тооц.
2000
тоол.
2002
тооц.
2004
тооц.
2005
тооц.
30,700 34,100 32,100 35,300 39,900 43,000 44,600 50,800 57,408 56,084 57,546 56,534 55,523 55,511 54,529 53,935 52,768

Соёл урлаг[засварлах]

Сүхбаатар аймаг нь "Жаахан шарга" уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай төдийгүй улс орон даяар нэр алдар нь дуурссан их жанжин Сүхбаатар, улсын баатар "Эх оронч" Чойн Дугаржав, Монгол улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджав, улс төр, урлагийн зүтгэлтэн Магсарын Дугаржав, Ардын жүжигчин уртын дууч Ч.Шархүүхэн, Ардын зураач Д.Амгалан гээд урлаг соёлын зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтуудын өлгий нутаг юм.

Нутаг ус нэгтэй хөдөлмөрч олны дундаас Монгол улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 16, Ардын цолтон 3, Төрийн шагналтан 6, Гавъяат цолтой 40 гаруй төрөн гарч аймаг орон нутгаа дуурсгаж байна. Сүхбаатар аймаг нь мөн хурдан адуугаараа алдартай юм.

Ишлэл[засварлах]

Викимедиа зургийн сан: Сүхбаатар аймгийн зураг
  1. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого. Нэгдсэн дүн
  2. Монгол Улсын хүн амын тоо, аймаг, нийслэл, 2010 оны тооллогын дүнгээр
  3. 3.0 3.1 Сүхбаатар аймгийн статистикийн хэлтэс. Эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012 он.
  4. Сүхбаатар аймгийн статистикийн хэлтэс. Эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2009 он.
  5. Statoids (Gwillim Law) web page[1]
  6. Statistics office of Sükhbaatar aimag[2]
  7. National Statistical Office[3]
  8. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  9. Thomas Brinkhoff: City Population[4]