Jump to content

Тагнын Урианхайн хязгаар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1915 оны гэрээнд Тагнын Урианхайн хязгаар нь автономит Монголын харьяанд орно гэж заасан байдаг

Тагнын Урианхайн хязгаар гэж, Манж Чин Улс үед Гадаад Монголын баруун хэсгийг эзлэн оршиж байсан засаг захиргааны нэгж юм.

Түүхэнд “Урианхай” бол нэн эртнээс бичигдэж ирсэн Монголын өвөг аймгуудын нэг юм. Харин “Тагна урианхай” гэж нэрлэгддэг түрэг хэлт угсаатны бүлэг өөрсдийгөө хэзээ ч урианхай гэж нэрлэж байсангүй. Тэд өөрсдийгөө Туба буюу Тува гэж нэрлэдэг ажээ. Нийтийн тооллын II-IV зууны үеийн түүхэн хэрэг явдалтай холбогдон нанхиадын түүх шастирт анх тэмдэглэгдсэн Туфа, Тоба хэмээх аймгийн нэрсийн хожмын нэг хувилбар нь тува бололтой.

Харин дээрх овог аймгуудад “Урианхай” гэдэг нэр хадагдсан нь хожмын хэрэг ажээ. Тэд анх XVII зууны эхэн үеэс эхлэн урианхай хэмээн нэрлэгдэх болсон нь Орос, Манжийн албан түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хожим урианхай гэж нэрлэгдсэн түрэг, монгол олон хошуудыг бие биеэс нь ялган салгахын тулд оршин буй нутаг усаар нь Алтайн Урианхай, Тагна урианхай гэх мэтээр нэрлэж хэвшжээ.

Манжийн үед Тагна урианхай нар өөрсдийгөө Урианхай гэж нэрлэдэггүй “Тыва (Тува)” гэдэг ажээ. Тиймээс XIX-XX зууны бичиг зохиолд Тагна урианхай, Тагна-Тува гэж хоёр янзаар нэрлэх нь түгээмэл байжээ.

Тагна урианхайчууд XVII зууны эхээр Хотгойдын Алтан ханы мэдэлд орж, Алтан хаадад алба татвар төлөх болжээ. Гэвч хаант Оросын зүгээс Сибирийг эзлэх үйл явц хийгээд, Халх, Ойрадын дайн тэмцлээс шалтгаалан Тагна урианхайн (Тувагийн) зарим овог аймгууд Орос, Зүүнгар, Хотгойдын хооронд сэлгэн оршиж, заримдаа Орос, Зүүнгарын хараат болж, тэдэнд алба төлөх явдал нэлээд байв. Гэвч гол үндсэн хэсэг нь XVII зууны 70-аад он хүртэл Хотгойдын Алтан ханы захиргаанд байлаа.

1688 оны Халх, Ойрадын дайны үр дүнд Хотгойдод харьяалагдаж байсан тагна урианхайчууд Ойрадын мэдэлд орсон юм. Гэвч 1715 онд Хотгойдын бэйл Бүүвэй Тагна урианхайн ихэнх хэсгийг байлдан дагуулж Манжийн мэдэлд оруулжээ.

Хотгойдын ноёдод захирагдаж явсан түрэг Урианхайн 16 отгийг Чингүнжавын бослого дарагдсаны дараа 1759 онд Хотгойдын захиргаанаас гарган 4 хошуу болгон зохион байгуулж, Улиастайн жанжны газарт захируулжээ. Чухам энэ үеэс эдгээр түрэг урианхай нарыг оршин буй газрын нь нэрээр Тагна урианхай гэж нэрлэх болжээ. 1764 онд Өөлдийн гүн Дамбийн харьяат Хэмчиг урианхайн 10 отгоор Хэмчигийн хошууг байгуулснаар Тагна урианхай 5 хошуутай болжээ. Түүнээс гадна монгол ноёдын харьяат, тэдэнд үст алба өргөдөг 4 хошуу Тагна Урианхайд байжээ. Тэдгээр нь Тагна урианхайн мэйрэн зангийн зэрэг бүгдийн даргын тамгад хамаарагдсан Халхын Сайн ноён аймгийн Бишрэлт бэйсийн харьяат 17 отог, Засагт хан аймгийн Дүүрэгч ван, Ахай бэйс, Далай бэйсийн харьяат 5 отог (сум), энэ 4 хошууны харьяат урианхай юм. 1691-1923 он хүртэл Өвөр Ширхтэн урианхай нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд захирагдаж байсан бол хөвсгөл нуурын бусад урианхай нь 1805-1911 он хүртэл Улиастайн манж амбанд захирагдаж байсан юм. Өвөр Ширхтэн урианхайг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноёны томилсон зайсангууд захирч байжээ. Хөвсгөлийн нуурийн урианхайг захирч байх Бүгдийн дарга /Үхэрида/ гэдэг албан тушаалыг Улиастай дахь манж амбан 1805 онд анх бий болгож, өөрөө томилдог байсан бөгөөд 1805-1923 он хүртэл 8 хүн энэ албыг хашсан байна.

1911 онд Манжийн ноёрхол унахад Тагна урианхай Оросын ивээлд орж, 1921 онд тусгаар тогтносон улс болсон юм. 1921 онд БНТТАУ байгуулагдсанаар Тагна урианхай нэрийг хэрэглэхээ больж Тагна Тыва (Тагна Тува), хожим нь Тыва (Тува) гэж нэрлэх болжээ. 1944 онд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орж, автономит Бүгд найрамдах улс болсон билээ. Монгол улс тусгаар тогтнолоо олсон 1911 оноос хөвсгөл нуурын Урианхай нь Богд Хаант Монгол Улсын дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамны мэдэлд очиж Бүгдийн дарга /Үхэрида/-г угсаа залгамжлан захирагч болгосон байна. Энэ үеэс Урианхайн 4 сум ангийн үсээр алба тушаах үүрэгтэй болжээ.

Тагна урианхай буюу тува нар нь эртнээс монголчуудтай зах залган сууж, байн байн нэгэн төр улсын захиргаанд хамтдаа орж, монголчуудтай цус холилдсон зүйл буй боловч түрэг хэлний нэг салбар аялгуугаар ярьдаг түрэг угсааны улс билээ.