Jump to content

Тайланд-Камбожийн улсын хил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тайланд-Камбожийн улсын хил

Тайланд-Камбожийн улсын хилТайланд болон Камбож хоёр улсын хоорондох улсын хил. Хоёр улсын хилийн зурвас Лаос, Тайланд, Камбожийн гурван улсын хиллэдэг уулзвар цэгээс өмнө зүгт Тайландын булан хүртэл 817 км урт үргэлжилдэг байна.

Хил орчмын бүс нутаг Кхмер, Тайландын янз бүрийн эзэнт гүрний хооронд 19-р зуунаас өмнөх түүхэндээ байнга өөрчлөгдөж нэг нэг рүүгээ шилжиж ирсэн учраас нарийвлан тогтоогдоогүй байжээ. 1860-аад оноос эхлэн Франц улс тус бүс нутагт эхлээд одоогийн Камбож, Вьетнамд, дараа нь Лаос улсад байр сууриа тогтоож, 1887 онд Францын Энэтхэг-хятадад колони байгуулжээ. 1867 онд Франц-Тайландын хооронд байгуулсан гэрээгээр Баттамбан болон Анкор бүс нутгийг Тайланд эзэмшиж байсныг баталгаажуулсан байдаг. 1896 онд Их Британи (Бирмийн хяналтад байдаг нутаг дэвсгэрээс) болон Франц улсууд Сиамыг (Тайландын хуучин нэр) колониудыг хооронд нь зааглах муж болгон үлдээхээр тохиролцсон байна. Гэвч Франц 1904 онд Камбожийн хойд хэсгийг өөртөө нэгтгэж, улмаар 1907 онд Баттамбан, Сисофон, Сием Риапыг өөртөө нэгтгэж, Трат хотыг Сиамд шилжүүлэн өгснөөр Франц Сиамын нутаг дэвсгэр рүү тэлсэн юм. Одоогийн Камбож-Тайландын улсын хилийг 1867-1907 оны хооронд Франц, Сиам хоёрын хооронд байгуулсан хэд хэдэн гэрээгээр тогтоосон байдаг. 1940 онд Францын Энэтхэг-Хятадыг Япон улс түрэмгийлэн эзэлсний дараа, 1904, 1907 онд Францад өгсөн газар нутгийг Тайландад буцааж өгсөн боловч дайны дараа 1946 онд буцааж авсан юм.

Камбож улс 1953 онд тусгаар тогтнолоо олж, түүнээс хойш хоёр орны харилцаа хурцадмал байсан юм. 1950-иад оны сүүлээр Дангрек ууланд хилийн ойролцоо орших Прэахвихеа сүмийн өмчлөлийн талаар хилийн маргаан үүссэн байдаг. 1962 онд энэ хэргийг Олон улсын шүүх рүү шилжүүлж, Камбожийн талд шийдвэр гаргасан ч Тайланд улс үүний үр дүнд харамсаж байгаагаа илэрхийлж байжээ. 1960-аад оны дундуур Ко Кут арлын өмчлөлийн маргаан мөн дэгдсэн. Хэдэн арван жилийн турш Камбож, Улаан Кхмеруудын хядлагад автаж, олон мянган дүрвэгсэд Тайландын хилийг давснаар эдгээр маргаан намжсан юм.

1979 онд Вьетнам Камбож руу цөмрөн орсны дараа хилийн дагуу үе үе тулалдаан 1980-аад онд Вьетнам улс цэргээ татах хүртэл үргэлжилсэн. Улаан кхмерүүдийн Тайландаас нэвтрэн орохыг зогсоохын тулд Камбож 1980-аад оны хоёрдугаар хагаст хилийн дагуу том бэхлэгдсэн хашаа барьжээ. 1990-ээд оны эхээр Камбожид энх тайвныг тогтоосны дараа Прэахвихеа сүм болон бага хэмжээгээр Кут арлын эзэмшлийн улмаас Тайландтай харилцаа дахин муудсан юм. Асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд 1995 онд Хилийн комисс байгуулагдсан ч ахиц дэвшил багатай, хоёр талын санаанд нийцсэн хилийн зурвасыг бүрэн тогтоох асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа юм.

2019 оны байдлаар тус хил дээр байнгын ажиллагаатай 7 хилийн боомт, 1 түр боомт, хилийн худалдааны 9 боомт, жуулчдад зориулсан 1 боомт одоогоор хаалттай байна.

Хилийн маргааны асуудал

[засварлах | кодоор засварлах]

1904 онд тусгай комисс Тайланд (тухайн үеийн Сиам) болон Францын Энэтхэг-Хятад хоорондох хилийн зурвасыг тогтоож, Прэахвихеа сүмийг Сиамын нутагт оруулсан боловч илүү нарийвчлалтай газрын зураг зурсны дараа сүмийн цогцолборыг Камбожийн нутагт хуваарилсан байна. Францын колоничлогчид энэ бүс нутгаас гарсны дараа Тайланд 1954 онд сүм хийдийн цогцолборыг эзлэн авчээ. Удаан хугацааны турш яриа, хэлэлцээ явуулсаны эцэст 1962 оны 6-р сарын 15-нд Олон улсын шүүх сүмийг Камбожийнх гэж шийдвэрлэсэн боловч энэ нь мөргөлдөөнийг шийдэж чадаагүй өнөө хүрээд байгаа юм. 2008 оны 7-р сарын 7-нд ЮНЕСКО Прэахвихеа сүмийг Камбожийн гэж Дэлхийн өвд бүртгэж авчээ.

Тайланд-Камбожийн улсын хилийн маргаан (2008)

[засварлах | кодоор засварлах]

Камбож-Тайландын хилийн мөргөлдөөн 2008 оны зун, намрын улиралд Тайланд-Камбожийн хил дээр цуврал зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Камбож, Тайландын хаант улсуудын хооронд мөргөлдөөн нь Прэахвихеа сүмийн цогцолборын ойролцоох газар нутгийг тойрсон олон зуун жилийн маргааны үр дүнд үүссэн бөгөөд ЮНЕСКО 2008 оны 7-р сарын 7-нд сүмийн цогцолборыг Дэлхийн өвд бүртгүүлсний дараа эхэлсэн байна.

Тайланд-Камбожийн улсын хилийн маргаан (2009)

[засварлах | кодоор засварлах]

Камбож, Тайландын хил дээрх түүхэн өвийг тойрсон зөрчилдөөн үүссэн. 2008 оны 7-р сарын 7-нд ЮНЕСКО Прэахвихеа сүмийг Камбожийн нутаг дэвсгэрт байрлах Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан. Үүний дараахан Камбож-Таиландын хил дээр байдал хурцдаж эхлэв. Хил дээр 2008 оны 10-р сар хүртэл тулалдаан үргэлжилсэн бөгөөд эцэст нь талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан ч мөргөлдөөн шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна.

Тайланд-Камбожийн улсын хилийн маргаан (2011)

[засварлах | кодоор засварлах]

Тайланд-Камбожийн хил дээр 2011 оны 2-р сард дахин эхэлж, Камбож, Тайландын цэргүүдийн хооронд Преахвихеа сүм болон ойр орчмын газруудын хооронд 2011 оны 4-р сарын 23-24-ний хооронд хурцадсан зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Энэ нь 2008, 2009 оны ижил төстэй мөргөлдөөний үргэлжлэл байсан ажээ. Гурван өдөр үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Камбожийн 6 цэрэг, Тайландын 4 цэрэг амиа алдаж, 40 орчим хүн шархаджээ. Камбожийн тал Тайландыг Камбожийн цэргүүдийн эсрэг сэтгэл мэдрэлд нөлөөлөх хий, кассет бөмбөг ашигласан гэж буруутгав. Бангкок эдгээр мэдэгдлийг эрс үгүйсгэв. Хоёр талын хэдэн арван мянган энгийн иргэд мөргөлдөөний бүсээс дүрвэж, гэр орноо орхиход хүрчээ.

Тайланд-Камбожийн улсын хилийн маргаан (2025)

[засварлах | кодоор засварлах]

Тайланд-Камбожийн хилийн зэвсэгт мөргөлдөөн 2025 оны 7-р сарын 24-нд эхэлсэн бөгөөд Тайланд 7-р сарын 23-ны орой Камбожоос Элчин сайдаа эгүүлэн татаж, Бангкок дахь Камбожийн Элчин сайдаа хөөнө гэж мэдэгдсэний дараа тулаан эхэлсэн юм. Үүнээс өмнө 2025 оны 5-р сарын 28-ны өдөр Камбожийн Преах Вихеар муж болон Тайландын Убон Ратчахани мужийн хоорондох хоёр улсын маргаантай хилийн зурвас дээр Тайландын цэргүүдтэй богино хугацаанд гал нээсний улмаас Камбожийн нэг цэрэг амиа алджээ. Үүний дараа хоёр улс цэргээ хилээс татсан бөгөөд асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.

Гэвч энэ нь Тайландын засгийн газрыг тогтворгүй байдалд оруулж, Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сентэй Тайландын Ерөнхий сайд Фетонгтан Чинаватыг арми нь сөргөлдөөнтэй тэмцэж байгааг шүүмжилсэн тухай утсаар ярьсан мэдээлэл цацагдсаны дараа Ф.Чинават огцроход хүргэж улс орнуудын хооронд илүү өргөн дипломатын маргаан болж хувирав.

2025 оны 7-р сарын 18-20-ны хооронд Орост үйлдвэрлэсэн, Тайландад ашиглалтад ороогүй, нөөцөлсөн PMN-2 маркийн, шинээр тавьсан 10 мина хилийн маргаантай бүс нутгаас олджээ.

7-р сарын 21-нд Тайланд улс Камбожийг хилийн маргаантай бүсэд мина тавьсан гэж буруутгав. Тайландын эрх баригчдын мэдээлснээр 7-р сарын 16-нд Тайландын хилийн маргаантай бүс нутагт эргүүл хийж байхдаа мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархадсан байна. Гэсэн хэдий ч Камбожийн эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж, цэргүүд тохиролцсон хилийн маршрутаасаа хазайж, 10 жилийн дайнаас үлдсэн минад дэлбэрсэн гэж мэдэгджээ. Малайзын талын санаачилгаар хоёр улсын Ерөнхий сайд нар уулзаж энхийн замаар асуудлыг шийдвэрлэх ээлжит хэлэлцээ хийхээр болов.