Тайсун хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тайсун хаан Тогтобух
Их Юань Улсын Богд Хаан[1]
Taisan.jpg
Хаанчлал 1434-1452
Хаан суусан 1434
Бүтэн нэр Тогтобух, Тотобух, Тогтохбух
Бусад хэргэм Тайсун хаан
Өмнөх Адай хаан
Удаах Агваржин хаан
Эцэг Ажай тайж

Тайсун хаан хэмээх Тогтобух нь 1410 онд[2] мэндэлсэн. Умард Юан улсын Их Хаан байсан. Тогтобух нь Ажай тайжийн их хөвгүүн бөгөөд хожим нь Тогоон тайш тэргүүтэй Ойрадын ноёд баатруудын дэмжлэгтэйгээр 1434 онд Ойрадууд түүнийг хаан суудалд залжээ.

Түүний бага насны талаар хамгийн анх Мин улсын судар дахь Ойрадын шастирт "... Юнлэ-гийн ... 10-р онд (1412 он) ...Махму Буняширийг довтлон хороов... Мөн Хятадад олзлогдсон Тогтобух хөвгүүнийг буцаах тухай хүсэлт гаргав..."[3] гэж дурдсан нь Мин Чэнзү хааны их цэрэг 1410 онд Монголд цөмрөн ирж, Аругтай тайш, Буяншир хааны цэргийг бут цохьсон үеэр балчир Тогтобухийг олзолсон байна.

Ойрадууд Мин гүрний туслалцаатайгаар Адай хааныг хөнөөсний дараа, Тогоон тайш, Тогтобухыг Их Юан гүрний Их Богд Тайсун хаан хэмээн өргөмжилсөн байна. Тогоон тайшийн гэнэтийн үхлийн дараа Тайсун хаан Тогоон Тайшийн хүү Эсэнг Тайш цолтой болгож өөрийн дүү Агваржинд Жонон цолыг олгосон юм.

Монгол аймгуудыг нэгтгэх оролдлого[засварлах | edit source]

Тайсун хаан Монгол улсынхаа зүүн 3 түмнийг, Монголын баруун 3 түмнийг Агваржин жинон, Эсэн тайш Ойрадын дөрвөн аймгийг захирч байв. Тэр цэргийн хэргээс гадна төр захиргааны талаар гүйцэтгэх ёстой алба нь дээр дурдсан нутаг орныг хамаарах явдал байв. Өгүүлж буй үед Монголын их хааны шууд захирдаг Зүүн Монголын Мин улстай залгаа орших Урианхай, баруун хязгаарт Ойрадтай зэргэлдээ орших Юань улсын сайд нарын мэдэлд байсан Хамилын монгол аймгуудын нутаг нь бас Мин улсын сонирхлыг ихэд татсан маргаантай нутаг байлаа. Батлан хамгаалалт ба өрнө дорны хуурай замын харилцааны чухал боомт болох дээрх нутгуудаа өөрсдийн захиргаанд бүрэн оруулахыг Монголын хаан, тайш нар тэргүүн зэргийн зорилтоо болгож байв.

Мөн үед Хянган давааны баруун талд нутагладаг Хорчин аймгийн нэг хэсэг нь давааны зүүн талын Нон мөрний

дагуу нутагт нүүж ирэн нутагшаад Нон Хорчин гэгдэх болсны дотор Горлос аймаг байсан байна. Эдгээрээс гадна Чингис хааны дүү Бэлгүүдэйн удмын Онниуд аймаг бас энэ нутагт оршиж байв. Монголын их хааны шууд захиргааны эдгээр нутаг Мин улстай хил залгаж байдаг учраас түүний нөлөөнд оруулахгүй байхыг Монголын хаан, тайш нар ямагт анхаарч, зохих арга хэмжээнүүд авч байжээ. Тайсун хаан Нон хорчиний Горлос аймгийн ноён Цавдангийн охин Алтан (Алтжин)-ыг бага хатнаа болгон авсан. Эсэн тайш Онниудын ноён Жүчийн охиныг бага хатнаа болгон авсан зэрэг нь Монголын тэр үеийн хаан, тайш худ ургийн харилцаа бол төрийг бэхжүүлэх нэгэн чухал арга гэж үзэж байсан.[4]

Баруун өмнө зүгийн Монгол аймгуудийг нэгтгэх оролдлого[засварлах | edit source]

Эсэн тайш Хамилтай худ ургийн харьцаатай байлаа. Тэр үеийн Хамилын ван Дуваадашир Эсэнгийн зээ хүү байв. Иймээс Монголын хааны ордонтой нягт харилцаатай байдаг ажээ. 1443 онд Эсэн тайш өөрийн эгч, Дуваадашир вангийн эх Нугандаширыг урьж Тайсун хааны ордонд айлчлуулсан. Дэмий удалгүй Дуваадашир ван хатан, дүү хоёртойгоо эхийгээ эргэж, нийслэл Хархүрэмд очиж хааны ордонд хэдэн cap байгаад Хамилдаа буцжээ. Түүнээс хойш Хамилын ван

дуртай цагтаа Хархүрэмд ирж хэдэн сараар ч байдаг болжээ. Хамил Монгол улстай ийм дотно харьцаатай болж байгаа явдалд Мин улс ихэд дургүйцэж байв. Гэтэл Дуваадашир Мин улсын дургүйцэл, эсэргүүцлийг огт тоохгүй Монголтой харилцдагаараа харилцаж хаан, тайш нараас улс терийн заавар зөвлөгөө авсаар байжээ. Эсэн тайш Хамилаар дамжин Төмөрийн хаант улстай холбоо барьж Самаркандаас Хархүрэм хотод элч худалдаачин хааяа ирдэг байв. Гэтэл тэр Төмөрийн улс дотооддоо зөрчил, тэмцэл ихтэй болж Цагаадайн улсын зүүн баруун хэсэг тус тусдаа хант улс болоод хоорондоо байн байн тулалддаг байсан тул Эсэн хүссэн хэмжээндээ хүртэл тэдэнтэй харыдаж чаддаггүй байв.

Монголын Тайсун хаан, Эсэн тайш нарын анхаарлыг татсан ба нэг чухал газар бол одоогийн Хятадын Ганьсу мужид байсан Шачжоу харуул юм. Мин улс энэ нутгийн монголчуудыг Хятад руу нүүлгэх зэргээр эзэмшиж байхад Монголын хаан, тайш нар 1444 онд хүн томилон очуулж Шачжоугийн эрх баригчдад монгол албан тушаал, цол хэргэм олгож Шачжоу харуул, Хандун харуул, Чижин харуул Монголын газрыг Монголын төрийн захиргаанд оруулахыг эрмэлзэж байсан.[4] Мин улс үүнийг эсэргүүцэж тэр нутгийн оршин суугчдыг боомтын дотор оруулж Хятадад суулгах гэж оролдсон. Монгол улсын төр зүүн тийшээ Зүрчид, баруун тийшээ Хамил, жич түүнээс баруун талд буй Юлтүс голын сав хүртэл, умар зүг Енисей мөрний сав газар, өмнөд зүг Цагаан хэрэм хүртэлх нутгийг захирч байжээ. Энэ бол Монголын улс төрийн хүчнүүдийн улс орноо нэгтгэх нэгдмэл зорилгоо биелүүлэхийн тул нийтээрээ чармайн тэмцсэний үр дүн мөн.[5]

Гадаад харилцаа ба худалдаа арилжаа[засварлах | edit source]

Тогоон тайшийн үед Монгол улс, Мин улстай хийдэг байсан харилцаа нь улс төрийн дэмжлэг авах, худалдаа арилжаа хийх тал дээр илүү анхаарч байсан. Гэтэл Тайсун хаан, Эсэн тайш нарын үед Мин улс элдэв хязгаарлалт тогтоосон ажээ. Иймээс Монгол улс болон Мин улсын гадаад харилцаа нь Юнлө хааны үеийн цэрэг дайны хүйтэн харилцаа бус худалдаа арилжаа, элч солилцоход тулгуурлаж байсан. Урьд нь монгол элч нар жилд 1-2 Мин улсын хаанд үнэт бэлэг, сайн агт болон бусад бэлэг хүргэн ирж хэдэн сараар Мин улсын нийслэл, Датун зэрэг хотоор явж, худалдаа арилжаа хийж байгаад буцахад нь Мин улсын элч нар хамт Монголд очиж байгаад дараагийн элч нар ирэх үед хамт буцдаг. Тийнхүү элч нар солилцоход тэдний орон сууц, хоол хүнсийг элч хүлээн авсан тал бүрэн хариуцдаг байв. Ийм харилцаа дайн тулаан болсон зарим жилд тасрах тохиолдол ажиглагдаж байсан. Мин улсын засгийн газар тэдэнд орон сууц, хоол, хүнс, унаа хөсгийн өвс бордоо, элч нарт өгөх бэлэг шан зэргийг гаргахад нэн төвөгтэй болжээ. Нөгөө талаар монголчууд туранхай адуу авчраад үнийг нь нэмж өгөхийг шаардах болжээ. Энэ мэтээр хоёр талын хооронд зөрчил үүсч улам даамжрах болжээ.

Мин улс зөвхөн хоёр талын элчийн харилцаа ба бага хэмжээний арилжаа, худалдаа хийх төдийгөөр Монголыг хааж боож байлаа. Тэр үед Монголоос Мин улсад очдог элчийн тоо нь хэдэн арав, хамгийн олондоо хоёр зуу гаруй хүн байдаг байв. Мин улсын ордонд бэлэглэх агт морь хамгийн олондоо мянга хүрч байв. Бас ангийн үнэт арьс зэрэг солилцдог. Мин улс Монголд хариуд нь алт, мөнгө, торго, дурдан,эрдэнийн чулуу, засал чимэглэлийн эд зэргийг хариу бэлэглэдэг байжээ. Мин улс бас Монголын элчийг их хязгаарлаж тэднээс зөвхөн 3-5 хүнийг Бээжинд очихыг зөвшөөрөөд бусдыг нь Датунд байлгаж худалдаа арилжаа хийх эрхийг олгож байсан.[4]

Тайсун хаан, Эсэн тайш нар жил бүр Мин улсад очуулдаг элчийнхээ тоог мянга хүргэж байх болов. Элч нар Монголын сайн агт морьдыг Мин улсын эзэн хаанд бэлэг болгон баривал хариуд нь тэнцэх хэмжээний алт, мөнгө, торго дурдан зэрэг бараа авдаг байжээ. Элч нар Монголдоо буцах замдаа хил хязгаар орчмын суугуул ард иргэдтэй арилжаа хийдэг байв. Тэгээд ирсэн хойноо авчирсан зүйлсээ борлуулж үлэмжхэн ашиг олдог байсан ажээ.Ингэж олсон эд зүйлээр бусад Монгол аймгуудийн эздийг өөртөө татах, жил бүрийн хишиг хүртээх зэрэгт ашиглаж байсан. Үүнээс гадна цэрэг тагнуулын чухал мэдээлэл олж авах, суурин тагнуултай мэдээ солилцож улс төрийн ажилд ашиглах явдал байсан.

Сүүлдээ Мин улсын хааны ордонд хүргэх агтын тоо 4000 гаруй, хэрэм булганы арьс 12000 гаруй хүрч байжээ. Монголоос очих эдгээр бэлгэнд Мин улсын сайд түшмэл нар нь хүртэл их дуртай байх болжээ. Иймээс тэдний тогтоосон элч, худалдаа арилжааны цааз хориг нь хэрэгжихгүй болжээ.

Монголчууд, Мин улсаас зэр зэвсэг авах сонирхолтой. Гэтэл тэдний тал албан ёсоор хатуу хориглож байлаа. Харин цэрэг иргэн хэн нь ч гэсэн монгол сайн морьтой болохыг хүсдэгийг харгалзан Эсэн тайшийн үед Хятадын зах хязгаарын нутгийн цэрэг ардад адуу нийлүүлж оронд нь тариалангийн бүтээгдэхүүнээс гадна нууцаар зэвсэг авах ажлыг зохион байгуулжээ. Тэгэхэд Мин улсын хилийн цэрэг албанаас тарааж өгсөн нум сум, хуяг дуулга, жад сэлэм зэрэг зэвсэг егөөд морь сольж авдаг болов. Монголын элч нар явж өнгөрөх замд уран дархчууд цугларч монголчуудын захиалгаар зэвсэг хийж адуу малаар арилждаг болсон төдийгүй Хятадын орон нутгийн ноёд түшмэд Монголын элчид өгөх бэлэг нэрийдлээр нумыг бөс бараагаар ороож, сумыг архины бутанд хийж өгдөг байжээ.

Тэр байтугай, Мин улсын хааны ордны Монголтой харилцдаг нөлөө бүхий тайган Ван Чжэнь гэгч Эсэн тайштай нууцаар арилжааны хэлэлцээр байгуулсан ажээ. Тэрхүү тайган Ван Чжэнь Датунгийн бүгд захирагч даргад заавар өгч жил бүр их хэмжээний сум, зэв үйлдүүлэн Монголд нууцаар нийлүүлж, Эсэн тайш сум, зэвийн үнийг сайн агтаар бодож өгч байжээ.[5]

Дотоод зөрчил, хааны үхэл[засварлах | edit source]

Мин улстай хийсэн дайны дараа Монголын хааны орд өргөөнд хунтайж тодруулах асуудал гарсан бөгөөд Тайсун хааны талын ноёд Махагүргисийг, Ойрадын Эсэн тайшийн талын ноёд нь Тайсун хааны хатанаас төрсөн Абадин тайжийг нэр дэвшүүлж, Баруун түмний дотор Агваржин жинон өөрөө хаан суух эрмэлзэлтэй тул тогтсон хүнийг сонгох талаар зөрчил үүссэн.

Агваржин жинонгийн:шадар бараа бологч нэгэн этгээд Тайсун хааны морь болон хуяг дуулга зэрэг юмыг хулгайлан авч явсныг жинон хамгаалаад буцааж өгөхгүй байснаас хаан хүчээр булаан авсанд өширхөж жинон хаан ахаасаа: «Ухна хэзээ орох вэ? Хуцын эвэр хэзээ унах вэ?» гэж ёгт утгаар хаанд санаархаж байгаагаа илэрхийлсэнд хаан уурлаж: “орогч ухна тэнэг, асуугч Агваржин тэнэг” гэв. Энэ үгийг сонсоод: “миний тэнэгийг эс мэдсэн биш гэж жинон;.урлав... чамайг ах гэж үл санана би хэмээн ам алдаж” салж одсон аж. Эсэн тайш, Агваржин жинон, ах Тайсун хаантайгаа ийнхүү зөрөлдсөнийг мэдэх тул Тэлэнгүд аймгийн Абдур (Абдул) сэцэнийг жинонгийнд томилон очуулж “Жинон таны баатар хүчээс бид бүхэн айн эмээж байна. Гэвч ах Тайсун хаан чинь чамайг тэнэг мунхаг гэж доромжлон үзэж буй. Та ахаасаа урваад манай Ойрадад орж егвөл таныг бүх Монголын хаан болгоё2. Дөчин дөрвөн хоёр бид гагцхүү чиний албат болно. Эдүгээ жинон минь чи хаан суу. Жинон цолоо манай Эсэн тайшид соёрх” гэхэд жинон: “Абдул сэцэн, чиний энэ үг үнэн үү? Хэрэв үнэн бол таны хэлснээр болтугай”. Абдул сэцэн: “Би Эсэн тайш хийгээд Ойрадын ноёд түшмэдийгтөлөөлөн урьд өдрийн батыг өнөөдөр илэрхийлсэн билээ. Жинон та тунгаан бодоорой” гэжээ.[6]

Жинонгийн хүү Хархуцаг тайж эцгийнхээ энэ явдалд дургүйцэн: Дээр хөхрөгчид нар, cap, доор хөрстөд хаан, жинон хоёр болой. Өөрийн нараа бусдад яахан өгнө вэ? гэхэд жинон эцэг нь буруушаан айлгахад Хархуцаг тайж: “Хаан эцгийн эсрэг өгүүлэх дургүй бөлгөө. Хайран нэр, хан төрийн чинь тул өгүүлнэм ...Хамаг Монголоо баран дурлавай чи” гээд эцэгтэйгээ санал таарахгүй байгаагаа илэрхийлсэнд түүнийг эргүүлж чадаагүй ажээ. Жинон төдхөн Ордос аймгийн Хатантөмөр, Юншээбү аймгийн Нэхийтөмөр нарыг томилон Тэлэнгүүдийн Абдул сэцэнтэй хамт Эсэн тайштай уулзуулахаар явуулжээ. Жинонгийн томилон очуулсан элч нартай Эсэн тайш хэлэлцээ хийхдээ Агваржинг Монгол улсын хаан болгож Эсэн өөрөө жинон болно гэдэг болзол тавьсаныг Агваржин бүрэн зөвшөөрсөн ажээ. Тэгээд тэр албатаа дагуулан Ойрадын нутагт очиж нутагласан агаад Эсэнтэй хамтарч хаан ахыгаа Хятад Мин улстай ойртож байна хэмээн хардаж 1451 оны 12 сард довтлон нийслэл хааны ордыг бүслэхэд Тайсун хаанд тэднийг эсэргүүцэн тулалдаж дийлэхүйц цэргийн хүч байсангүй. Иймээс тэр шадар хамгаалагчдынхаа хамт бүслэлтээс оргон гарч өөрийнхөө шууд захиргааны Зүүн Монголын нутгийн гүн рүү зайлж яваад Хянган давааг давж Горлос аймгийн ноён Цавдангийнд очсон ажээ.[6]

Гэтэл Цавдан ноён, Тайсун хаанд хандан:

"...Алтай ханы ард, урьд халуун билээ.

Эдүгээ яахан хүйтэн болов?

Алтгана охины минь өвөр урьд хүйтэн билээ

Эдүгээ яахан халуун болов?

Өвсгүй гэж нүүсэн нутагт буудаг буюу

Өнгөгүй гэж гээсэн эмийг авдаг буюу..." гэж ёжлоод[6] Хааныг Или, Дали хоёр хөвгүүнтэй, Гурладын Агбулад, Багбулад хоёр нөхөртэй нь тавуулыг барьж, Орчны Чигир дээр мичин жилд Тайсун хаан гурладын Цавданы гарт тэнгэр болов. Хан ор сууж арван таван он болсон ажгуу. Агбулад, Барбулад хоёрын ах Мэнд өрлөг өөр айлд хоносон ажгуу. Хулгана, харгана нэрт хоёр морин зөгнөж газар цавчлан, санаа алдаж байв. Морио санаа алдсанд Мэнд өрлөг өгүүлсэн нь: Хортны явахуйд ийм гэж Мэнд өрлөг өглөө босоод хааныг тэмцэв. Хүрэхийн урьд, хааныг хоёр дүүтэй нь хороов. Мэнд өрлөг хааны тэргүүнд нэгэн дүүгээ дэрлүүлэв. Хөлд нь нэгэн дүүгээ дэр хийж онхлов. Түүний хойно Мэнд өрлөг эхлэн нэгэн хэдэн нөхөдтэй Цэвдэнийг довтолж өшөөгөө авав.[7]

Гэр бүл[засварлах | edit source]

Эцэг: Ажай тайж

Эх: тодорхойгүй

Дүү нар: Агваржин жинон, Мандуул хаан

Хатад[засварлах | edit source]

Хөвгүүд[засварлах | edit source]

  1. Мөнхлэй тайж, түүний тухай Лу.Алтан товчид дурдсан. Эцгээсээ өмнө нас барсан.
  2. Молон хаан, Горлосын Цавдан ноёны охин Алтгана хатнаас төрсөн.
  3. Махагүргис хаан, Самур хатнаас төрсөн.
  4. Абадин тайж, Ойрад хатнаас нь төрсөн.
  5. Или тайж, зөвхөн Лу.Алтан товчид нэр дурдсан.
  6. Дали тайж, зөвхөн Лу.Алтан товчид нэр дурдсан.
Өмнөх
Адай хаан
Монгол улсын хаан
1434-1452
Дараах
Агваржин хаан

Эшлэл[засварлах | edit source]

  1. Лувсанданзан-Алтан товч
  2. Монгол улсын түүх. Гутгаар боть., 2002. тал.6.186.188
  3. Мин улсын түүх. Эртний хятад хэлнээс орчуулж тайлбар хийсэн Н.Ариунгуа. УБ., 2015. тал.58. ISBN 999733088-9
  4. 4.0 4.1 4.2 Монгол улсын түүх. Гутгаар боть. УБ., 2003. тал. 40-45
  5. 5.0 5.1 Монгол улсын түүх. Гутгаар боть. УБ., 2003. тал.46
  6. 6.0 6.1 6.2 Монгол улсын түүх. Гутгаар боть. УБ., 2003. тал.55-56
  7. Лувсанданзан " Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээн оршвой" монгол бичгээс хөрвүүлж тайлбар хийсэн Ш.Чоймаа, М.Баярсайхан. УБ., 2006. тал.163