Талас голын хуралдай
Талас голын хуралдай (бас Таласын хуралдай) нь 1269 оны хавар Цагадайн улсын хан Борак, Зүчийн улсын хан Мөнхтөмөр, Өгөөдэй хааны удмын Хайду тэргүүтэй Дундад Азийг захирч байсан монгол язгууртнууд өөрсдийн улсын хил хязгаараа, бэлчээрлэх нутаг, бууцаа шинээр тогтоож, шинээр мандаж байсан Хайду ханыг хүлээн зөвшөөрөн Цагадайн улсын нутгаас газар таслан өгөхийг шийдсэн хуралдай юм.
Түүхийн тойм
[засварлах | кодоор засварлах]1260 оноос Монголын эзэнт гүрэнд Аригбөх-Хубилайн хаан ширээний тэмцэл өрнөж, дөрвөн жил үргэлжлээд 1264 онд Хубилай хааны ялалтаар өндөрлөсөн ч, энэ хоёр хааны тэмцэлд Цагадайн улсын хаад ноёд хутгалдан аль хүчтэй талыг нь дагаж явсаар дотроо хоёр тал болж хуваагдах эхлэл бий болсон. 1264 оноос Аригбөхийг дэмждэг байсан зарим ноёд Өгөөдэй хааны ач Хайду ноёныг дэмжин цуглах болж, улмаар 1260-аад оны сүүлээр 20,000 цэрэг гаргах чадвартай ханлигийн хэмжээнд хүрчээ. Ингээд 1266 оноос 1268 оныг хүртэл Өгөөдэйн улс, Цагадайн улсын бэлчээр нутгийн хил хязгаарын зөрчилөөс болж зэвсэгт тулгаралт болсоор өргөжин томорч Хайду ханы цэргүүд Талас гол хүртлэх нутгийг эзлэж, хоорондоо хэд хэдэн удаа байлдсаны дараа Зүчийн улсын Мөнхтөмөр ханы илгээсэн 5 түмэн цэрэг Хайду ханыг дэмжин Боракын эсрэг байлдаж хүнд гарз хохирол учирсан. Гэвч Хайдугийн санаачлагаар 1269 оны хавар Талас голын хөндийд Борак-Хайду-Мөнхтөмөр зэрэг хаад, хан хөвүүд, ноёд, жанжидын оролцсон хуралдай хуралдаж, хуралдайг Хайду хан даргалж, эхний долоо хоногт найрлан цэнгэж, найм дахь өдрөөс гэрээ хэлэлцээрийг эхлүүлж, эцэстээ тайван замаар шийдсэн.
Уг хуралдайгаар дараах шийдвэрт хүрсэн.
- Талас гол хүртлэх Долоон гол, Или голын хөндий, Тэнгэр уул зэрэг Цагадайн улсын зүүн жигүүрийн хуучин нутгийг Өгөөдэй хааны удмын Хайдугийн удирдсан монгол аймгуудад шилжүүлж, тэнд байсан монгол аймгууд, Мавераннахр луу нүүх болж, Хайдугийн улсыг хүлээн зөвшөөрөх болов.[1]
- Мавераннахр нутгийн гуравны хоёрыг Цагадайн улс эзэмшиж, үлдсэн нэг хувийг Хайду-Мөнхтөмөр хан хоёр хамтран эзэмшихээр тохиров.[1]
- Мавераннахрт нүүж очсон монгол аймгууд хот суурины ойролцоо бэлчихгүй, тариан талбайг малаар талхлахгүй байх, хууль ёсны татвараас гадна гувчуур татах эрхийг хасч, нүүдэлчин монголчуудыг хот сууринд орж амьдрахыг хориглов.[1]
- Борак хан нутгийнхаа хагасыг алдсан тул Хорасан дахь Ил Хаант Улсын хотуудыг байлдан эзлэх санал гаргахад, Хайду-Мөнхтөмөрийн талаас дэмжлэг авч, цэргээр туслахаар болсон.[1]
- Цагадайн улсын жалайр аймаг Ангрен голын хөндийд (Ташкент хотоос урагш байдаг), барласууд Кашкадарьяа голын сав (Бухар хотоос Карши хот орох замд байдаг) буюу Кеш мужид, сөнөд аймаг Амударья мөрний эхээр, арулад аймаг Амударья мөрний дунд хэсгээр нутаглах болжээ.[1]
Дээрх шийдвэрүүд нь монголын их хааны зарлиг, оролцоогүйгээр батлагдаж, хэрэгжиж эхлэснээр Их Монгол Улсын задрал бодитой явдал болсон. Мавераннахр луу нүүж ирсэн монголчууд бэлчээр газрын хомсдолтой байсан нь тэднийг хот сууринд орж суурин соёлтой болж, түрэгжихэд нөлөөлсөн.