Тамгагүй төр

Тамгагүй төр нь 1998 онд Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн, 3 бүлэг 6 үзэгдэлтэй эмгэнэлт түүхэн жүжиг юм.

Түүхэн тойм[засварлах | кодоор засварлах]

1998 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байв. Найруулагч Чойнхорын Найдандорж /МУСГЗ/ анх тайзнаа тавихад Арчуг хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав, Эгэрэг түшмэлийн дүрийг ардын жүжигчин П.Цэрэндавга нар амилуулж байв. Б.Лхагвасүрэн энэхүү жүжгийн зохиолоо бичихдээ Арчуг хааны дүрийг Ардын жүжигчин Лоолийн Жамсранжавт зориулав хэмээн тэмдэглэн үлдээснийг найруулагч Ч.Найдандорж дурссан байдаг.

2008 оны үес буюу "Тамгагүй төр" жүжиг тайзнаа тавигдсанаасаа хойш арван жил завсарлаж дахин тайзнаа тавигдахад гол дүрд уран уншлагын нэрт мастер Гомбын Равдан /АЖ/, улмаар 2015 оноос Бэх-Очирын Жаргалсайхан /МУГЖ/ тоглож эхлэв. Мөн Эгэрэг түшмэлд Пүрэвдоржийн Цэрэндавга /АЖ/, Цэцэр их хатанд Батсүхийн Нармандах /МУГЖ/, Гүргэл бага хатан М.Тогтохжаргал /МУСТА/, А.Алтантөр /МУСТА/,  Б.Тамир /МУСТА/ нар тогложээ.

2022 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулж толилуулсан юм.

Агуулгын тойм[засварлах | кодоор засварлах]

Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдана. Үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан их хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгаж эхэлнэ.

Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцна. Эгэрэг их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хааны сэнтийд суулгахаар заль мэх зохионо. Их хатан Цэцэр өөрөөс төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсөж том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн егүүтгэнэ. Харин хааны шадар Эгэрэг хүүгээ үхсэнд хорсож, хааны жинхэнэ хүүг хорооно. Эгэрэг өөрөө хаан ширээнд суухаар завдан хаантай тэрсэлдэж төрийн тамга, түмний эрхийг нэхэн тулалдаж их хаанд ялагдаж байгаагаар төгсөнө.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]