Тахо (нуур)
Тахо нуур (англи. Lake Tahoe) — Сьерра Невада нуруу орчим АНУ-ын Калифорни болон Невада мужуудын хилийн зааг дээр орших цэнгэг устай нуур юм.

Нуурны усны эзлэхүүний хэмжээ 151 км³. Далайн түвшнээс 1899 метр өндөрт оршдог.
Тахо нуурын эргийн шугамын 2/3 орчим нь Калифорни мужид оршдог. Энэ бүс нутагт өндөрлөг газрын цанын бааз, амралт зугаалгын газрууд олон байдаг. Тус нуур нь АНУ-ын хоёр дахь хамгийн гүн нуур бөгөөд Калифорни мужийн хоёр дахь том эзлэхүүнтэй нуур юм. Нуур доторх цорын ганц арал бол Фаннетт арал юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]
Тахо нуурын хамгийн гүн нь 501 метр бөгөөд энэ нь Орегон мужийн Кратер нуурын дараа АНУ-ын хоёр дахь хамгийн гүн нуур юм. Нуурын урт нь 35 километр, өргөн нь 19 километр, эргийн шугам нь 116 километр юм. Гадаргуугийн талбай нь 495 хавтгай дөрвөлжин километр юм. Мөн нуурын периметрийн дагуу автозам үргэлжилдэг.
Тахо нуурын эрэг дээр Соут Лейк Тахо (ойролцоогоор 22,000 хүн амтай), Тахо Сити (ойролцоогоор 2,000 хүн амтай), Стейтлайн (ойролцоогоор 1,200 хүн амтай) хотууд оршдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тахо нуурын эргэн тойрон дахь газар нутагт анх уугуул иргэн болох индианчуудын Вашое (англи. Washoe tribe) овог аймаг амьдардаг байжээ. Тахо нуур нь тэдний аж төрж байсан нутаг дэвсгэрийн төв хэсэг байв. Тэд энэ газрыг "да хоу а га" гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ нь шууд утгаараа "нуурын зах" гэсэн утгатай байв. Анхны цагаан арьст судлаачид ирэхэд тэд "да хоу" гэдэг үгийг дуудаж эхэлсэн бөгөөд энэ нь эцэстээ нуурын одоогийн нэр болж үлдсэн юм. Дэслэгч Жон Фремонт, Кит Карсон нар энэ нутагт хөл тавьсан анхны цагаан арьстнууд гэдэг.
Тус нуурыг янз бүрээр нэрлэж байсанг бөгөөд эцэст нь 1945 онд Тахо нэрийг албан ёсоор авсан байна. Калифорни муж байгуулагдахад нуурын эргийн шугамын 2/3 орчим нь ногдож, 1/3 нь Невада мужид ногдох болжээ.
Женерал Моторс (GMC) компанийн бүрэн хэмжээний жийп машин болох Chevrolet Tahoe-г нуурын нэрээр нэрлэсэн бөгөөд 1995 оны 12-р сард Америкийн "Motor Trend" нэр хүндтэй автомашины сэтгүүл "Оны шилдэг жийп машин"-аар шалгаруулсан байна.