Jump to content

Тим Күүк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тимоти (Тим) Доналд Күүк (англи. Timothy Donald Cook; 1960 оны 11-р сарын 1-нд АНУ-ын Алабама мужийн Моубил боомтын Мальйорка хотод төрсөн) — Америкийн топ-менежер, тэрбумтан. Apple компанийн ерөнхий захирал. 1998 оны 3-р сард тус компанид ирсэн. Тэрээр 2011 оны 8-р сарын 24-нд Стив Жобс (удаан хугацааны өвчний улмаас) огцорсны дараа Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан байна. 2026 оны 4-р сард тэрээр энэ албан тушаалаасаа 2026 оны 9-р сарын 1-нээс эхлэн огцрохоо зарласан (түүний оронд Жон Тернус ажиллах болно). Тэрээр ерөнхий захирлын ажлаа өгөөд компанийн Захирлуудын зөвлөлийн дарга болох юм.

Тим Күүк Алабама мужийн Мальйорк хотод өссөн. Түүний эцэг усан онгоцны үйлдвэрийн ажилтан, эх нь гэрийн эзэгтэй байжээ. Тим Күүк 1982 онд Аубурн Их Сургуульд үйлдвэрлэлийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг, 1988 онд Дьюкийн Их Сургуулийн Фукуа сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр IBM компанид анх ажилд ороод 12 жил ажилласан байна. Дараа нь "Compaq Computer Corporation"-д корпорацын материал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр 6 сар ажилласан ажээ.

Тим Күүк 1998 оны 3-р сард Apple компанид дэлхий даяар үйл ажиллагаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд дараа нь дэлхий даяар борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Тим Күүк 2004 онд Apple компанийн гүйцэтгэх захирал асан Стив Жобсыг нойр булчирхайн хорт хавдраар эмчлүүлж байх хугацаанд нь хоёр сарын турш тусалж ажилласан байна. Күүк мөн Nike компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн байсан юм.

2007 онд тэрээр Үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдоод 2009 онд Стив Жобс элэг шилжүүлэн суулгах мэс заслын улмаас чөлөө авах үед Тим Күүк хэдэн сарын турш дахин тусалсан юм. 2011 оны 1-р сард Apple-ийн захирлуудын зөвлөл Стив Жобсын хүссэн эмнэлгийн чөлөөг өгч, Тим Күүкийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

2011 оны 8-р сарын 24-нд Стив Жобс огцрохдоо, Тим Күүкийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд санал болгосон ажээ. 2011 оны 8-р сарын 25-нд Тимоти Күүкийг Apple-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар албан ёсоор томилсон юм. 2011 онд түүний "цалин" (нийт нөхөн олговор) нь жилийн цалин болон гүйцэтгэх захирлын урамшуулал зэрэг нийлээд 380 сая доллар байв. Т.Күүк мөн тус компанийн 442 сая долларын хувьцаа эзэмшдэг байна.

Тим Күүкийг CNN 2014 оны шилдэг Гүйцэтгэх захирлаар нэрлэжээ.

Тим Күүкийн удирдлага дор 10 жилийн хугацаанд Apple-ийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум доллараас 2 их наяд доллар болж өсөөд 2022 оны эхээр 3 их наяд долларт хүрсэн юм.

2022 оны эхээр Орос улс Украинд халдсаны дараа Тим Күүк ажилчдаа Украинд туслахын тулд хандив өргөхийг уриалсан. Apple-ийн гүйцэтгэх захирал Орост Apple бүтээгдэхүүний борлуулалтыг түр зогсоох шийдвэрийг зарлаж, мөн тус компани Украиныг дэмжих зорилгоор ажилчдын хандивын хэмжээг гурав дахин нэмэгдүүлж, 2022 оны 2-р сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгоно гэж мэдэгджээ.

2014 оны 10-р сарын 30-нд "Bloomberg Businessweek"-д нийтлүүлсэн нийтлэлдээ Тим Күүк ижил хүйстэн гэдгээ илчилж, түүний хүлээн зөвшөөрөлт бусад ижил хүйст бэлгийн харьцаатай хүмүүст өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, эрхийнхээ төлөө тэмцэхэд нь урам зориг өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.