Тооцооллын үед анхаарах асуудлууд
Мэргэжлийн хандлага:
Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний суурь үндэслэл болох экологи-эдийн засгийн үнэлгээг хуульд зааснаар мэргэжлийн компани гүйцэтгэх бөгөөд мэргэжлийн баг бүрдүүлэх үүрэгтэй. Мэргэжилтний хийсэн хэмжилт, гаргасан үр дүн нь нөхөн төлбөр төлөгчийн хариуцлагыг бататгаж, шүүх, хяналтын байгууллагын өмнө хамгаалагдах нөхцөлтэй байх ёстой. Гэвч энэ асуудал бүрэн хэрэгжихгүй байгаа явдал бий. Байгаль орчны үнэлгээ, судалгааны мэргэжилтнүүдийн ёс зүйн хэмжээг хуульчилан тогтоогоогүй, үнэлгээний аргачлал нь олон салаа хувилбартай, байгаль орчны суурь мэдээллийн сан дутмаг зэрэг олон бодит шалтгааны улмаас шүүхийн шатанд очсон байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гаргуулах асуудлууд шүүх, шүүхийн хяналтын шатанд хэрэгсэхгүй болох тохиолдол олон давтагдаж байгаа юм.
Үүний хамгийн чухал нь судалгааны баг бүрэлдэхүүн, түүний дотор мэргэжилтний хандлага байх бөгөөд тооцоолж гаргасан үр дүн нь маргаантай, хянан магадлагааны үнэлгээгээр зарчмын зөрүүтэй гарах явдалтай холбоотой байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга суманд хийсэн хянан магадлагааны үр дүнгээр хохирол тооцсон мэргэжилтэн нь хариуцагчийг газрын доорхи ус ашигласан байхад гадаргын ус ашигласан хэмээн тооцоолсон тохиодол байдаг.
Мөн түүнчлэн судалгааны нэг удаагийн ажилд олон мэргэжилтнээс бүрдсэн баг ажилладаг бөгөөд мэргэжилтнүүд өөрсдийн тайлангаа өөр өөрсдийн хэмжилтийн дүн, хэмжих нэгжээр тайлагнадаг. Эндээс тайланд дараах төрлийн алдаа гардаг. Үүнд:
• Хэмжилтийн зөрүү үүсдэг.
• Эвдрэлийн хэлбэр дүрсийг олон хувилбараар зураглаж, бүлэг бүр өөр өөр үзүүлэлттэй болдог.
• Ашиглалт, эзэмшлийн талбайд нийтэд нь хохирол тооцсон талбайн болон ажлын хэмжээ өөр өөр өгөгдөлтэй болдог.
• Байрзүйн хувьд алдаатай байх тохиолдол ч байдаг.
• Хэмжих нэгжүүдийг хөрвүүлэх болон орон шилжүүлэхдээ алддаг.