Тувааны Цолмон

Тувааны Цолмон нь Монгол Улсын Ардын Жүжигчин, төгөлдөр хуурч, Соёл Урлагийн Их Сургуулийн профессор. Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын дунд сургууль, Москва хотын Гнесиний нэрэмжит Оросын хөгжмийн академийг төгссөн. Тувааны Цолмон нь нэрт эрдэмтэн Бямбын Ринченгийн зээ охин бөгөөд түүний аав Г.Туваан нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүлийг хамгаалахын сайдаар ажиллаж байсан.

Тувааны Цолмон 1975 онд Гнесиний нэрэмжит Оросын хөгжмийн академийг төгсөөд Хөгжим бүжгийн дунд сургуулиас (одоогийн Монгол улсын консерватори) ажлын гараагаа эхлүүлсэн. Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг, Никитон хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Батмөнхийн Чинбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд нарын багш юм.