Jump to content

Турар Рыскулов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Турар Рыскулов (казах. Тұрар Рысқұлов; орос. Турар Рыскулович Рыскулов, 1894 оны 12-р сарын 26-нд Хаант Оросын Семиреченск мужийн (өнөөгийн Алмата муж) тосгонд төрсөн—1938 оны 2-р сарын 10-нд ЗХУ-ын Москва хот буудуулан цаазлуулсан) —Зөвлөлтийн болон Зөвлөлт Казахстаны төрийн болон улс төрийн зүтгэлтэн. Төв Азийн ард түмний үндэсний эрх чөлөөний төлөөх бослогод оролцогч, Казакийн сэхээтний төлөөлөгч, түрэг ард түмнүүдийн эрхийн төлөө тэмцэгч "Бухара" нийгэмлэг үүсгэн байгуулагч, 1919 онд Туркестаны Коммунист намын ислам шашны товчооны дарга. 1924-1925 онд Монгол дахь Коминтерны бүрэн эрхт төлөөлөгч байсан. Тэрээр энэ үеэр 1924 онд Монгол Улсын анхны Үндсэн хууль боловсруулах ажилд идэвхитэй бөгөөд нөлөөтэй оролцсон байна.

1907-1910 онд Меркений дотуур байртай Орос-Казах сургуульд суралцсан. 1914 онд Пишпек (өнөөгийн Бишкек)-ийн Хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн бөгөөд энэ үеэр Зөвлөлт Казахстаны ирээдүйн нэрт төр нийгмийн зүтгэлтэн Максут Жылысбаевтай танилцсан байна. 1916-1917 онд Ташкентын багш нарын семинарт суралцсан байна.

Тэрээр 1916 оны Дундад Азийн ард түмний үндэсний эрх чөлөөний бослогод оролцож баривчлагджээ.

Зөвлөлт Орост болсон их хэлмэгдүүлэлтийн үеэр Турар Рыскуловыг “ард түмний дайсан” хэмээн зарлаж, 1938 оны 2-р сарын 10-нд цаазалсан байна. Сүүлд ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын Албаны /ФСБ/ мэдээлснээр түүнийг Дотоод хэргийн Ардын Комиссарын газрын "Коммунарка" хэмээх тусгай байгууламжид буудан хороосон байна. Сүүлд 1956 онд Т.Рыскуловыг нас барсны дараа нэрийг нь нөхөн цагаатгасан байна.