Туриба Их Сургууль
Туриба Их Сургууль (латв. Biznesa augstskola "Turība") нь Латвийн хамгийн том бизнесийн сургууль бөгөөд 1993 онд байгуулагдсан. Тус сургууль нь Лиепая, Цесис, Талси хотуудад гурван салбартай. Туриба Их Сургуулийн “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагын менежмент” мэргэжлийн бакалаврын хөтөлбөр болон “Аялал жуулчлалын стратегийн менежмент” мэргэжлийн магистрын хөтөлбөр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (UNWTO)-ын TedQual гэрчилгээ буюу олон улсын магадлан итгэмжлэл авсан. Туриба Их Сургууль нь Балтын болон Скандинавын орнуудаас анх удаа UNWTO-оор магадлан итгэмжлэгдсэн, олон улсын экспертүүдээс өндөр үнэлгээ авсан дээд боловсролын байгууллага болжээ. Мөн тус сургууль нь Европын Соёлын Нийслэлүүдийн Их Сургуулиудын Сүлжээ (UNeECC)-ний идэвхтэй гишүүн бөгөөд дэлхийн тэргүүлэгч бизнесийн сургуулиудыг нэгтгэдэг AACSB International (Association to Advance Collegiate Schools of Business)-ийн гишүүнээр элссэн. Түүнчлэн Европын Дээд Боловсролын Байгууллагуудын Холбоо (EURASHE), Европын Хууль Зүйн Факультетуудын Холбоо (ELFA)-нд гишүүнээр бүртгэгдсэн. Туриба Их Сургууль нь оюутнуудад ERASMUS+ солилцооны хөтөлбөрийн хүрээнд 65 түнш их сургуульд суралцах боломжийг олгодог.