Jump to content

Туршлага дээр суурилсан суралцахуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Туршлага дээр суурилсан суралцахуй (Experiential learning, ExL) гэдэг нь туршлагаар дамжин суралцах үйл явц бөгөөд илүү нарийн утгаараа “хийж үзсэнийхээ дараа эргэцүүлэн бодох замаар суралцах” гэж тодорхойлогддог. Гардан хийж суралцах нь туршлага дээр суурилсан суралцахуйн нэг хэлбэр байж болох ч заавал суралцагчид хийсэн зүйлээ эргэцүүлэн дүгнэхийг шаарддаггүй. Туршлага дээр суурилсан суралцахуй нь цээжилж сурах эсвэл лекц, зааварчилгаанд тулгуурласан суралцахуйгаас ялгаатай бөгөөд тэдгээрт суралцагч харьцангуй идэвхгүй оролцоотой байдаг.

Энэ ойлголт нь үйлдэлд суурилсан суралцахуй, адал явдалт суралцахуй, чөлөөт сонголттой суралцахуй, хамтын суралцахуй, нийгэмд үйлчлэх суралцахуй, орчин нөхцөлд суурилсан суралцахуй зэрэг идэвхтэй суралцах хэлбэрүүдтэй холбоотой боловч тэдгээртэй бүрэн ижил утгатай биш юм.

“Туршлага дээр суурилсан суралцахуй” гэдэг нэр томьёог ихэвчлэн “туршлага дээр суурилсан боловсрол” гэсэн ойлголттой ижил утгаар хэрэглэдэг ч, туршлага дээр суурилсан боловсрол нь илүү өргөн хүрээтэй боловсролын философи бол туршлага дээр суурилсан суралцахуй нь тухайн хүний суралцах үйл явцад төвлөрдөг. Иймээс туршлага дээр суурилсан суралцахуй нь суралцагч болон суралцах орчинтой холбоотой илүү бодит, тодорхой асуудлуудад анхаардаг. Туршлага нь хүний ой ухаанд тод үлдэж, мэдээллийг илүү сайн тогтоон санахад тусалдаг.