Шарын шашин

Гүмбум хийдийн Зонхавын шуумал

Шарын шашныг Төвөдийн Бурханы шашны сэтгэгч, шинэчлэгч Зонхов Лувсандагва (1357–1419) үндэслэжээ. Тэрээр Түвэд оронд бурхны шашныг нийгэм, эдийн засгийн байдалд нь зохицуулан хөгжүүлжээ. Түүний аав нь Монгол хүн ээж нь Төвөд хүн байжээ. Зарим эх сурвалжид Богд Зонхов өөрийгөө Монгол хүн хэмээн ярьдаг байсан гэдэг.

Шарын шашны төвөд гаралтай нэр "Гэлүгва" (Төвөд: དགེ་ལུགས་པ Гэлүг-па) гэдэг нь Монгол хэлэнд Буяны ёс гэсэн утгатай. Төвөдөд бурхны шашин нь Гармава, Сажава, Гаадамба, Нинмаава гэх урсгалууд хөгжиж байв. ХIV зууны сүүлчээс эхлэн Гэлүгва буюу шар малгайтны урсгал, Нинмаава буюу улаан малгайтны урсгал салж тус тусын нөлөөг дэлгэрүүлэхээр өрсөлдсөнөөс Түвэдэд шарын шашин маш хурдан дэлгэрчээ. Зонхов Төвөдийн өмнөд нутгийн нэгэн агуйд шар малгай өмсөн удтал даяанчлан суусан тул түүний бий болгосон шашны урсгал шар малгайтан, явсаар Монголд шарын шашин гэж нэрлэгдсэн байна.

Монголд шарын шашныг хөгжүүлэх үндсийг Түмэдийн Алтан хан (1507-1582) тавьсан бөгөөд тэрбээр 1576 онд Түвэдийн шашны тэргүүн Содномжамц (1543- 1588)-ыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад ноёдыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг түүнд өргөжээ. Үүний хариуд Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрчээ.

Түүний дараа Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар гол төлөөлөгч болон тодорч, лам нарын номт хувцас, уншлага, хурал номын дэг ёс, ая эгшиг бүхнийг Монгол орны эрс тэс цаг уур, газар зүйн байршил, монгол хүний зан заншил, ахуй нөхцлийн онцлогтой уялдуулан “монголын” гэх өвөрмөц хэв шинжтэй бурхны шашныг үндэслэн хөгжүүлсэн байна.

XX зууны эхэн гэхэд Халх дөрвөн аймгийн 80 гаруй хошууны нийт 750 орчим сүм хийдэд 115 мянга орчим лам шавилан сууж, тэдгээр сүм хийд нь аажмаар суурин амьдралтай төвүүд болон хувирч гар үйлдвэрлэл, арилжаа, худалдаа үйлчилгээний газрууд болон хөгжжээ. Өндөр гэгээн Занабазараас эхлээд VIII Богд Жабзундамба хутагтын үе хүртэл шарын шашин цэцэглэн хөгжихийн хамт гүн ухаан, зурхай, эмнэлэг, урлаг, хэл шинжлэл, хэвлэл, ёс суртахуун нэвтэрч ард түмнийг гэгээрүүлэхэд ихээхэн тус нэмэр болжээ.

1924 онд VIII Богд гэгээнийг таалал төгсөхөд Ардын Засгийн газраас “...дахин газар дэлхийд эргэн ирэхгүй, үүрд нирваан дүрийг олсон” хэмээн зарлажээ.

1937 онд их хэлмэгдүүлэлт эхэлж 17 мянга гаруй ламыг баривчлан гурван анги болгон хувааж ял шийтгэл оногдуулжээ. Дээд анги буюу хэргэм зэрэг, мяндаг цолтой лам нарыг буудан хороож, дунд анги буюу идэр насны лам нарыг 10 хүртэл жилээр шоронд хорьж тарчилган зовоожээ. Доод анги буюу 20 хүртэл насны залуу лам нарыг энгийн ард болгож, ард түмний шүтэн биширч байсан бурхан шүтээн, оюуны үнэт зүйлс, ном судрыг устган 800 гаруй сүм хийдийг эвдлэн нураажээ.

2265 сүмийн барилгыг эмнэлэг, сургууль, гар үйлдвэр, засаг захиргааны байр, олон нийтийн байгууллагад шилжүүлж, 30.9 кг алт, 5916 кг мөнгө, 1.6 кг сувд, 233847 монгол төгрөг, 388000 төгрөгтэй тэнцэх бусад эд хогшил, бог бод нийлсэн 27742 толгой малыг хурааж улсын мэдэлд авчээ.

БНМАУ-д шашин шүтэх явдал хаалттай байсан бөгөөд Сайд нарын Зөвлөлийн хурлын шийдвэрээр 1944 онд Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг сэргээж, хурал ном хурахыг зөвшөөрсөн боловч МАХН-ын хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулж байв.

Харин 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар буддын шашин дахин мандан дэлгэрэх, сүсэгтэн олон бурхан шашнаа чөлөөтэй шүтэх боломж бүрдсэн юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Шарын шашин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан