Jump to content

Тэгш бус гэрээнүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тэгш бус гэрээнүүд (Unequal Treaties) гэдэг нь 19-р зуунаас 20-р зууны эхэн үе хүртэл Зүүн Азийн орнууд (ялангуяа Манж Чин гүрэн, Токүгавагийн үеийн Япон, Жосон улсын үеийн Солонгос) болон эзэрхэг гүрнүүдийн (Их Британи, Франц, Герман, Австри-Унгар, Японы эзэнт гүрэн, Итали, Португал, АНУ, Орос) хооронд байгуулагдсан цуврал хэлэлцээрүүдийг хэлдэг. Эдгээр гэрээг ихэвчлэн Азийн орнууд цэргийн хүчинд автаж ялагдсаны дараа, эсвэл Барууны гүрнүүдийн цэргийн заналхийлэл дор хүчээр байгуулдаг байв. Гэрээний нөхцөлүүд нь бараг бүхэлдээ Азийн талын хүлээх үүрэг хариуцлагыг зааж өгдөг байсан бөгөөд үүнд газар нутгаа таслан өгөх, дайны нөхөн төлбөр төлөх, худалдааны боомтуудыг нээх, гаалийн тарифыг хянах эрхээсээ татгалзах, гадаадын иргэдэд шүүхийн гадуурх эрх олгох зэрэг заалтууд багтдаг байжээ.

1920-иод онд Хятадад үндэсний үзэл, империализмыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөхөд Гоминдан болон Хятадын Коммунист Нам хоёулаа 1840-өөс 1950 оны хооронд Хятад улс тусгаар тогтнол, бүрэн эрхээ хэрхэн алдсаныг тодорхойлохын тулд энэхүү ойлголтыг ашигласан байна. "Тэгш бус гэрээ" хэмээх нэр томьёо нь Хятадын "Гутамшгийн зуун жил", ялангуяа гадаадын гүрнүүдэд олгосон концесс (тусгай бүсүүд) болон гэрээт боомтуудаар дамжуулан гаалийн бие даасан байдлаа алдсантай шууд холбогддог бөгөөд өнөөдөр ч Хятадын гадаад бодлогын гол чиг хандлагад хүчтэй нөлөөлсөөр байна.

Япон, Солонгос улсууд ч мөн адил өөрсдийн үндэсний бүрэн эрхт байдлыг сулруулсан хэд хэдэн гэрээг тэмдэглэхдээ энэ нэр томьёог ашигладаг. Тухайлбал, Япон болон Чин улс Солонгостой 1876 оны Япон-Солонгосын гэрээ, 1882 оны Манж-Солонгосын гэрээг тус тус байгуулж, Солонгосын нутаг дэвсгэрт давуу эрх эдлэх болсон. Мөн Мэйжийн шинэчлэлийн дараах Япон улс Хятад-Японы нэгдүгээр дайнд ялалт байгуулж, Солонгос дахь нөлөөллөө бэхжүүлсний зэрэгцээ Хятадын эргийн боомтууд болон газар нутгийг хянах зорилгоор Хятадын эсрэг тэгш бус гэрээнүүдийг хүчээр тулгаж эхэлсэн түүхтэй.

Хятад дахь тэгш бус гэрээнүүд

[засварлах | кодоор засварлах]

Хятадын түүхэнд "Тэгш бус гэрээнүүд" гэдэг нь 19-р зуунаас 20-р зууны эхэн үед гадаадын гүрнүүдээс Чин улсад хүчээр тулгасан нэг талыг барьсан хэлэлцээрүүдийг хэлнэ. Эдгээр гэрээ нь Чин улс цэргийн дайралтад бууж өгсөн эсвэл заналхийлэлд өртсөний дараа зурагддаг байв. Нөхцөлүүд нь зөвхөн Чингийн талын хүлээх үүргийг зааж, газар нутаг хуваах, нөхөн төлбөр төлөх, боомтуудыг нээх, тарифын бие даасан байдлаа алдах, гадаадын иргэдэд шүүхийн гадуурх эрх олгохыг шаарддаг байжээ. Хамгийн анхны "тэгш бус гэрээ" нь Хар тамхины нэгдүгээр дайны үеэр хийгдсэн 1841 оны Чуэнпигийн конвенцын хэлэлцээр, түүний дараа байгуулагдсан 1842 оны Наньжингийн гэрээ байв. Эдгээр тэгш бус гэрээнүүд нь бүгд гадаадын гүрнүүдэд "хамгийн соёлт үндэстэн" байх эрхийг баталгаажуулж байсан тул аль нэг гадаад улс Хятадад нэмэлт давуу эрх олж авмагц бусад гадаадын гүрнүүд ч мөн адил тэрхүү давуу эрхийг автоматаар эдлэх нөхцөл бүрджээ.

Энэхүү нэр томьёог 1920-иод онд Сунь Ятсэнь "гэрээт зуун жил"-ийн хугацаанд байгуулагдсан гэрээнүүдийг тодорхойлохын тулд олон нийтэд түгээсэн байна. Хятадын үндэсний үзэл болон империализмыг эсэргүүцэх үзэл өсөн нэмэгдэхийн хэрээр Гоминдан болон Хятадын Коммунист Нам хоёулаа 1840-өөд оноос эхэлсэн бүрэн эрхт байдлын алдагдлыг илэрхийлэхэд энэ концепцыг ашиглах болов.

Америкийн түүхч Дун Ван 20-р зууны эхэн үеэс хойших улс төрийн үг хэллэг дэх энэ нэр томьёоны хэрэглээг үнэлэхдээ: "Хэдийгээр энэ хэллэгийг өргөнөөр ашиглаж ирсэн ч тодорхой, нэг мөр утга санаа дутагдалтай байдаг бөгөөд Хятад болон гадаад орнуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдээс яг хэдийг тэгш бус гэрээнд тооцох вэ гэдэг дээр нэгдсэн тохиролцоо байдаггүй" гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч Хятадын түүх бичлэгийн хүрээнд энэ хэллэгийг ихэвчлэн цэргийн заналхийллийн дараа Хятад улс асар их хэмжээний санхүүгийн нөхөн төлбөр төлөх, худалдааны боомтуудыг нээх, газар нутгаа таслан өгөх эсвэл түрээслэх, гадаадын нөлөөллийн бүсүүдэд бүрэн эрхээ шилжүүлэн өгөхөд хүрсэн олон тооны тохиолдлуудыг заахад ашигладаг.

Хятад-Америкийн синологич (хятад судлаач) Иммануэль Хсүгийн тэмдэглэснээр хятадууд гадаадын гүрнүүдтэй байгуулсан гэрээнүүдээ тэгш бус гэж үзэж байсан шалтгаан нь "эдгээр гэрээг үндэстнүүд бие биетэйгээ эрх тэгш харилцаж, хэлэлцээ хийх замаар бус, харин дайны дараа Хятадад хүчээр тулгасан, мөн Хятадын бүрэн эрхт байдалд халдаж, түүнийг хагас колоничлолын статустай болгож бууруулсанд оршиж байв" гэжээ.

гэрээнүүд он Хүчээр хүлээлгэсэн Хүчээр тулгагдсан
Монголоор хятад нэр
Наньжингийн гэрээ 南京條約 1842 Их Британи Чин Улс
Богуэн гэрээ 虎門條約 1843 Их Британи
Ванхиагийн гэрээ 中美望廈條約 1844 Америкийн Нэгдсэн Улс
Вампоагийн гэрээ 黃埔條約 1844 Франц
Кантоны гэрээ 中瑞廣州條約 1847 Швед
Кулжагийн гэрээ 中俄伊犁塔爾巴哈臺通商章程 1851 Хаант Орос улс
Айгуны гэрээ 璦琿條約 1858 Хаант Орос улс
Тяньжингийн гэрээ 天津條約 1858 Франц
Их Британи
Хаант Орос Улс
Америкийн Нэгдсэн Улс
Бээжингийн конвенци 北京條約 1860 Их Британи
Франц
Хаант Орос улс
Тяньжиний хоёрдугаар гэрээ 中德通商条约 1861 Пруссийн хаант улс
Чефогийн гэрээ 煙臺條約 1876 Их Британи
Ливадиагийн гэрээ 里瓦幾亞條約 1879 Хаант Орос улс
Санкт-Петербургийн гэрээ 伊犁條約 1881 Хаант Орос Улс
Тяньжиний гуравдугаар 中法新約 1885 Франц
Манж-Португалын Бээжин дэх гэрээ 中葡北京條約 1887 Португал
Шимонсэкийн гэрээ 馬關條約 1895 Япон
Лобановын гэрээ 中俄密約 1896 Хаант Орос улс
Ляодунгийн буланг шилжүүлэх гэрээ 旅大租地条约 1898 Хаант Орос улс
Хонг Конгийг шилжүүлэх гэрээ 展拓香港界址專條 1898 Бх Британи
Кванчаогийн гэрээ 廣州灣租界條約 1899 Франц
Ихэтуанийн протокол 辛丑條約 1901 Их Британи
Америкийн Нэгдсэн Улс
Япон
Хаант Орос улс
Франц
Германи
Итали
Австри-Унгар
Белги
Испани
Голланд
Манж-Шведийн гэрээ 中瑞通商條約 1908 Швед
Симлагийн конвенц 西姆拉條約 1914 Их Британи Бүгд Найрамдах Хятад Улс
21 шаардлага 二十一條 1915 Япон
Хятад-Японы хамтарсан батлан хамгаалах хэлэлцээр 中日共同防敵軍事協定 1918 Япон
Танггу гэрээ 塘沽協定 1933 Япон