Jump to content

Тэрхийн цагаан нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэрхийн цагаан нуур
Тэрхийн цагаан нуур, Монгол
Тэрхийн цагаан нуур
Тэрхийн цагаан нуур
БайршилТариат, Архангай, Монгол
Солбицол48°10′15″N 99°43′20″E / 48.17083°N 99.72222°E / 48.17083; 99.72222Солбицол: 48°10′15″N 99°43′20″E / 48.17083°N 99.72222°E / 48.17083; 99.72222
ЦутгалТэрхийн гол
Гарах урсгалСуман гол
Ай савд багтдаг улсМонгол
Урт16 км (9.9 бээр)
Өргөн4–10 км (2.5–6.2 бээр)
Талбай61 км2 (24 миль2)
Дундаж гүн20 м (66 фут)
Хөвөөний түвшин2,060 м (6,760 фут)
Албан нэрТэрхийн цагаан нуур
Бүртгэгдсэн1998 оны 7 сарын 6
Эшлэл ду.953[1]
Тэрхийн Цагаан нуур
Тэрхийн Цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.

Цэцэрлэг хотоос баруун хойд зүгт 175 км зайнд далайн түвшингээс 2060 м өндөрт байралдаг нуур юм. Нуурын талбай 61 км² орчим. Урт нь– 16 км, өргөн нь– 4 км юм.

Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуут голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.

Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг харахад үзэсгэлэнтэй байдлыг биширсэн домог байдаг билээ.

Домогт өгүүлснээр: Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Их Монгол гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж нэрлэж байснаа хожим нь Тэрхийн цагаан нуур болон хувирчээ. Их Монгол аварга нуурын голд байдаг уулын орой шиг зүйлийг авчирч худгийн амыг хаасан гэдэг ба нэрийг нь Санхам толгой /Санхам гэдэг ургамал ургадаг/ гэдэг. Үнэхээр ч нуурын дунд байрлах оройг Уран мандал уулын (Хажууханд байдаг уул) оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй ба энэ нутагт зөвхөн нуурын дундах толгойд болон Уран мандал ууланд л Санхам гэдэг ургамал ургадаг аж.

  1. "Тэрхийн цагаан нуур". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Татаж авсан: 2025-10-19.
 Commons: Тэрхийн цагаан нуур – Викимедиа дуу дүрсний сан