Jump to content

Тээвэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Английн Манчестер дахь тээврийн янз бүрийн хэлбэрүүд

Тээвэр (гадаад орнуудад "Транспорт" латин. trans "дамжуулан" + portare "зөөх" гэдэг нийлбэр үгнээс гаралтай, Британийн англи хэлээр "тээвэр"- Transport, эсвэл америк англи хэлээр "тээвэрлэлт"-transportation) гэдэг нь хүн, амьтан бөгөөд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг газраас нөгөө рүү зориудаар шилжүүлэн тээвэрлэх үйл ажиллагаа юм. Тээврийн хэлбэр нь агаар, газар (төмөр ба авто зам), ус, дамжуулах хоолой, сансар огторгуй гэж хуваагддаг. Энэ салбарыг 1. дэд бүтэц, 2. тээврийн хэрэгсэл, 3. үйл ажиллагаа гэсэн 3 хэсэгт хувааж болно. Тээвэр нь соёл иргэншлийн хөгжилд зайлшгүй шаардлагатай, хүмүүс хоорондын худалдааг бий болгодог.

Тээврийн дэд бүтэц нь авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам, суваг, дамжуулах хоолой, нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө, автобусны буудал, агуулах, ачааны терминал, шатахуун түгээх бааз (шатахууны зогсоол, шатахуун түгээх станц зэрэг) болон далайн боомтууд зэрэг суурин байгууламжаас бүрдэнэ. Терминалууд нь зорчигч, ачаа тээвэрлэх бөгөөд техникийн засвар үйлчилгээ хийхэд ашиглаж болно.

Тээврийн хэрэгсэл гэдэг нь хүн болон ачаа барааг тээвэрлэхэд ашигладаг төрөл бүрийн тээврийн хэрэгслүүдийг хэлнэ. Үүнд 1. тээврийн хэрэгсэл, 2. унаж болох амьтан, 3. ачаа тээшний хөсөг амьтад багтдаг. Тээврийн хэрэгсэлд вагон, автомашин, унадаг дугуй, автобус, галт тэрэг, ачааны машин, нисдэг онгоц, нисдэг тэрэг, усан онгоц, сансрын хөлөг зэрэг ордог.

2016 оны мэдээллээр дэлхийн хэмжээнд нэг их наяд гаруй автомашин, 210 мянга гаруй зүтгүүр, олон сая төмөр замын вагон, 90 мянга гаруй далайн хөлөг онгоц, 30 мянга гаруй хуваарьт чиглэлийн агаарын хөлөг тээвэрлэх үйл ажиллагаанд оролцсон байна. Тэд жилд 110 тэрбум тонн ачаа, нэг их наяд гаруй зорчигч тээвэрлэсэн ажээ. Дэлхий даяар тээврийн салбарт ажилладаг хүмүүсийн тоо 100 сая гаруй байна.

Монгол Улсын тээвэр

[засварлах | кодоор засварлах]

1235 онд Хубилай хааны санаачлагаар шуудан, мэдээлэл хүргэх зориулалттай морин өртөөний албыг үүсгэсэн нь Монгол Улсад анхны зохион байгуулалттай тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл болсон билээ. Монголд орчин үеийн механикжсан тээврийн хэрэгсэл 20-р зууны эхэн үеэс нэвтэрч, 1921 онд Ардын хувьсгалын жилүүдэд тээврийн үүргийг үндсэндээ морин өртөө уламжлалт ердийн хөсгөөр гүйцэтгэж байлаа.

1925 онд монголын анхны тээврийн байгууллага болох “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулж  монголын авто тээврийн байгууллагын тулгын чулуу тавигджээ. 1929 оны 2-р сарын 31-нд “Монголтранс” нэртэй ерөнхий хороо байгуулагджээ. Ийнхүү Улаанбаатар, Амгаланбаатар хотын хооронд нийтийн тээврийн автобус явуулахаар болж, автобусны хоёр буудал байгуулан өдөрт 5 удаа нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг болов.  ЗХУ, "Монголтранс"-ыг 1936 оны 1-р сарын 1-ээс 8.6 сая төгрөгийн хөрөнгөтэйгөөр БНМАУ-д шилжүүлэн (улсын хэмжээний нийт импортын ачааны 18-25 хувийг эзэлж байв) өгсөн юм. БНМАУ-ын Сайд ннарын Зөвлөлийн 1936 оны 4-р сарын 7-ны өдрийн 22-р тогтоолоор Засгийн газрын комиссын акт, илтгэлийн үндсэн дээр улсын мэдэлд хүлээн авч тээврийн удирдах байгууллагыг “Монгол тээхийн ерөнхий захирах газар” гэж нэрлэснээр хойшид ажиллах чиг үүргий нь тодорхойлж экспорт, импортын тээвэр, шуудан харилцаа хийгээд чухал тээврүүд ба улс орныг батлан хамгаалах талаар холбогдсон үүргүүдийг гол зорилт болгожээ. “Монголтранс“ нэгдэл нь 1937 онд 98.3 мянган зорчигч тээвэрлэж, 14.0 сая км гүйцэтгэсэн бол 1940 онд 872 мянган зорчигч тээвэрлэж, 215 сая км-ийн үүрэг гүйцэтгэж байсан аж.

1935 онд Худалдааны авто бааз, 1954 онд Авто-такси моторын бааз, 1965 онд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх авто бааз гэх мэт төрөлжсөн тээврийн байгууллага нийслэл хотод байгуулагдаж, 1940 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Зам тээврийн яамыг байгуулж төрөл бүрийн тээвэр, зам барилгын ажлыг төвлөрүүлж удирдан зохион байгуулах болсон байна.

Анх 1938 онд Улаанбаатар хотын аж үйлдвэрийн байгууллага хүн амыг нүүрсээр хангах зорилгоор Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөн царигтай нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн байна. 1946 онд Монгол, Зөвлөлтийн хооронд байгуулсан гэрээний дагуу Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтанд оруулсан байна.

Орос, Хятадыг Монголын газар нутгаар холбосон УБ төмөр зам нь Евроазийн төмөр замын сүлжээний хамгийн дөт зам юм. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэг байгуулах төсөл 1948 онд хийгдэж эхэлсэн байна. 1949 оны 6-р сарын 6-нд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын “Улаанбаатар Төмөр зам” хамтарсан нийгэмлэг байгуулах тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнд Монголоос Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талаас Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурсан байна. 1949 оны 11-р сарын 7-ны өглөө 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан Улаанбаатарт болжээ.

1952 онд Зөвлөлт, Монгол, Хятадын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Улмаар 1955 оны 12-р сарын 31-нд “Улаанбаатар ба Замын-Үүдийн төмөр зам”-ыг нээх ёслол болж, 1956 оны 1-р сарын 1-нээс Зөвлөлт, Монгол, Хятадын хооронд төмөр замын шууд харилцаа нээгдсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглажээ.

Түүнээс хойш Дархан Шарын голын 63.3 км салаа замыг 1963 оны 11-р сарын 4-нд нээв. 1967 оны 9-р сарын 20-нд УБ - Сүхбаа­тарын хооронд суудлын галт тэрэг өдөр бүр явж, уг цуваанд УБ Эрхүү­гийн хооронд аялах зорчигч вагоныг залгажээ. Салхит - Эрдэнэтийн шинэ төмөр замыг 1975 оны 10-р сарын 04-нд нээсэн байна.

УБ - Москвагийн хооронд “Нарлаг Монгол” суудлын галт тэрэгний байнгын үйлчилгээгээ 1976 оны 5-р сарын 30-нд эхэлж анхны аялалд гарав. 1981 онд Хөтөл өртөөг ачилт буул­галтын зориулалттайгаар байгуулж нээв. 1981 онд Монголын газрын тосны орд газартай холбогдсон Сайншанд Зүүнбаяны 50 км зам, 1982 онд Багахангай Багануурын 97 км замыг ашиглалтанд оруулж, 1983 онд УБ-Чойр-Багануурын суудлын галт тэргийг явуулж эхэлжээ. 1984 онд Толгойт - Сонгины 20км зам, 1986 онд Мардайн 112 км замыг тус тус ашиглалтанд оруулжээ.

2008 оны 3-р сарын 5-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани байгуулагдсан юм.

Монголын агаарын хүчний үүсэл хөгжил нь ЗХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн Германы зохион бүтээгч Гүго-гийн загвараар зохиосон ачаа тээврийн Ю-13 онгоц анх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр “Ю-33” маркийн тээврийн 3-н нисэх онгоцыг Улаан-Үдээс Улаанбаатарт газардсанаар Монголын агаарын хүчин байгуулагдсан өдөр гэж албан ёсоор үздэг. Зөвлөлтийн алдарт нисгэгч Н.Лапин 1926 онд Баянтүмэний хошуу, дараа нь зүүн хязгаар хүртэл нисэж монголын анхны агаарын замыг нээсэн гэж үздэг. 1927 оны эхээр нисэхийн сургуулийг нисгэгч, хянагч, моторчны 3 ангитайгаар байгуулснаас гадна 1930 оноос ЗХУ-н нисэхийн дунд сургуульд хүмүүс явуулан сургажээ. 1932 онд Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, Н.Жамбаа нарын 10 нисгэгч төгсөж ирсэн байна. Тэд эх орныхоо агаарын шинэ шинэ замуудыг нээсэн нислэг хийсэн. Халх голын байлдаанд манай нисгэгчид ЗХУ-н нисгэгчдийн хамт оролцож эрэлхэг гавъяа байгуулжээ. Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нар БНМАУ-н баатар цол хүртсэн байна.


1946 онд Иргэний агаарын тээврийн тасаг 7 дээд зэрэглэлийн онгоц, ПО-2 хэмээх 1 онгоцтойгоор байгуулагдан Дундговь аймгийн Сайншанд, Өндөрхаан болон Сүхбаатар аймгуудад дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн түүхтэй. 1948 онд Иргэний тээврийн тусгай отряд Р-5 онгоц 4, По-2 онгоц 2, Як-9у онгоц 1, Супер онгоц 2, нийт 10 орчим онгоцтой, 68 хүнтэйгээр агаарын тээврийн үүрэг гүйцэтгэж байв. 1946-1948 онд зөвхөн эмнэлгийн түргэн тусламжийн ба эмчилгээ үйлчилгээний зориулалттай яаралтай нислэг 320 удаа орон нутагт хийжээ.

1955 онд хамгийн анхны бэлтгэл оюутнууд Оросын Эрхүү хотын Иргэний агаарын сургуульд АН-2 онгоцны нисэх багийн сургалтанд явсан ба Г.Раднаа, Д.Жамбалдорж, А.Доржсүрэн нар нисгэгч, С.Нэргүй болон Т.Самдан нар механикаар бэлтгэгдсэн юм.

1956 оны эхээр Зөвлөлт Холбоот Улсаас 5 ширхэг АН-2 онгоц ирсний зэрэгцээ нисгэгчдийн бэлтгэл сургууль амжилттай дуусч Монголд хуваарьт нислэгийн үйлчилгээ явуулах боломжтой болжээ. 1958 оны байдлаар АН-2 онгоц- 14, ИЛ-14 онгоц - 7, нийт 21 иргэний агаарын тээврийн онгоцтой болж нийт 11605 зорчигч мөн 363700 кг ачаа, шуудан тээвэрлэсэн байна. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани нь аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлж байжээ.

1957 оны 2-р сарын 22-нд "Агаарын харилцааны газар"-ыг байгуулж, анхны даргаар нь Цэрэг ба НАХХЭЯ-ны ардын цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд Б.Цогийг хавсруулан ажиллуулахаар томилжээ. 1957 оны 2 дугаар сарын 19-нд АХГ-ын нислэг эрхэлсэн орлогч даргаар Д.Цэрэндорж (хожим БНМАУ-ын гавъяат нисгэгч), Ерөнхий инженерээр Т.Самдан, Материал хангалтын албаны даргаар С.Очирдорж нар томилогдон ажилласан байна. 1957 оны 2 дугаар сарын 18-нд Бөхөг цагаан толгойн нисэх буудлыг Морингийн хөндий дэхь Зөвлөлтийн эзэмшлийн цэргийн "Добр" нэртэй нисэх буудалд шилжүүлэн нүүлгэхээр шийдвэрлэжээ. "Добр" нэртэй нисэх буудалын нэрийг солихоор хэлэлцэж байгаад ардын хувьсгалаас хойш төрийнхөө наадмыг хийж ирсэн дэнжийнхээ нэрээр "Буянт-Ухаа" нисэх буудал гэж нэрлэхээр тогтсон түүхтэй. 1957.11.28-нд ЗХУ-аас манай улсад бэлэглэсэн "Ил-14" маркийн 5 онгоцыг Буянт Ухаагийн нисэх онгоцны буудал дээр хүлээн авсан байна. 1958 оны эхээр Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд ачааны Ил-14 онгоцоор экипажийн дарга нисгэгч Борын Дашдорж, хоёрдугаар нисгэгч Дашжамцын Даваадорж, нисгэх механикч Гонгорын Цэрэндорж, нисгэх холбоочин Цагааны Өлзийтогтох нар анх удаа олон улсын алсын нислэг хийж, 10 мянга гаруй км зайд нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэжээ.

1959 оны 1-р сарын 31-нээс Улаанбаатараас аймгуудын төвийн чиглэлд агаарын тээврийн нислэгийг тогтмолжуулж, өдөр бүр нислэг үйлдэх болжээ. 1960 оны 1-р сараас Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудалд АН-2 онгоц тус бүр нэгийг хуваарилан өгч аймгийн төвөөс алслагдсан сумдад нисдэг болсоноор агаарын тээврийн үйлчилгээнд шинэ ахиц гарсан байна.

1960 оны эцэст Ил-14 онгоцоор 15 аймгийн төвд, АН-2 онгоцоор алслагдсан 10 гаруй суманд тогтмол нисдэг болов.

1965 оны 2-р сарын 9-нд шөнийн 21-22 цагийн хооронд Г.Раднаа даргатай АН-24 онгоц Ховд-Говь-Алтайн чиглэлээс, Д. Гунгаа даргатай Ил-14 онгоц Баянхонгор-Өвөрхангайн чиглэлээс ирж шөнийн нислэгээс амжилттай бууж МИАТ-ын шөнийн нислэг эхэлсэн түүхтэй.

1966 онд 2 хүний суудалтай ЯК-18 хэмээх онгоц худалдан авч нисэх клубээр нисгэгчид бэлтгэх болов. 1970 оноос Ан-2 онгоцонд их засвар хийх бүх бэлтгэлийг хангаж, 1971 оноос их засвар хийдэг болов. Энэ үед Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нисэх онгоцны буудлуудыг шөнийн гэрэл суултын системээр тоноглож, өдөр шөнөөр онгоц хүлээн авдаг болжээ. Инженер техникийн нийт ажилтнуудын 80% нь нисэхийн тусгай мэргэжлийн дунд, дээд боловсролтой болжээ. ЗХУ, БНХАУ-ын иргэний нисэх компани Ил-14 онгоцоор Улаанбаатарт тогтмол нисэхээс гадна БНАГУ, БНБАУ, БНЧСУ, Румын улсын Ил-14 онгоцууд Буянт-Ухаагаар дайрч Бээжин нисдэг байсан юм.

1987 онд ЗХУ-аас ТУ-154 онгоц түрээслэн авч гадаадын нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Москва, Эрхүү болон Бээжин хотуудад төлөөлөгчийн газруудаа нээжээ. 1993 онд Зам тээвэр харилцаа холбооны яам 180 тоот тушаал гаргаж МИАТ-д бүтцийн өөрчлөлт хийн бие даасан, улсын өмчийн Монголын Иргэний Агаарын Тээврийн Компани болгосон юм.

1993 онд МИАТ компани АН-24 онгоц 12, АН-26 онгоц гурав, Ю-12 онгоц тав, АН-2 онгоц 45, Б-727 онгоц нэг, ТУ- 154 онгоц нэг, АН-30 онгоц нэг буюу нийт 68 онгоц бүхий парктай болсон байлаа. 1994 оны 6-р сард Солонгос улсаас 2 ширхэг Б-727 онгоц худалдан авснаар олон улсын нислэгийг өөрийн онгоцоор үйлдэх боломжтой болсон юм. Олон улсын үйл ажиллагаа өргөжин тэлж 1990 онд тус компани нь бүртгэлийн СИТА системийн гишүүн, мөн 1996 онд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо буюу ИАТА-ийн гишүүн тус тус болжээ.

1994-1996 онд Буянт-Ухаад Азийн хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийсэн.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын засгийн газрын 2005 оны тогтоолоор "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг Буянт-Ухаа дахь "Чингис-Хаан " Олон улсын нисэх буудал гэж нэрлэх болжээ.

1998 оны 5 дугаар сард тус компани нь олон улсын болон дотоодын нислэгийн паркт шинэчлэлт хийх төслийн хүрээнд, олон улсын агаарын тээврийн удирдлагын дуу чимээний шаардлагад нийцүүлэх зорилгоор 1 ширхэг А310-300 онгоцыг Airbus Industry Financial Service (Аэробусны Санхүүгийн Үйлчилгээ) байгууллагаас зээлээр авсан юм.

2002 оны 7 дугаар сард GATX –аас Б737-800 онгоцыг үйл ажиллагааны зээлээр авсан ажээ.