Jump to content

Төгсийн Сугар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төгсийн Сугар (1948 оны 7-р сарын 13-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн- 2007 оны 6-р сарын 19-нд нас барсан) -Монгол Улсын Гавьяат нисгэгч /1993/ , Хүндэт хилчин, бэлтгэл хурандаа.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын дунд сургуульд сурч төгссөн.

ЗХУ-ын Фрунзе хотын Цэргийн Нисэхийн нэгдсэн сургуульд МИ-4 нисдэг тэрэгний 2-р нисгэгчээр, 1979 онд ЗХУ-ын Кремчук хотод МИ-8 нисдэг тэрэгний захирагчаар, 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод МИ-8, МТВ нисдэг тэрэгний багш нисгэгчээр тус тус сурч төгсжээ.

1970 оноос Монголын Ардын цэргийн 109-р анги, Хилийн цэргийн 0200-р ангид 2-р нисгэгч, нисдэг тэрэгний захирагч, багш нисгэгч, эскадрилийн нислэг эрхэлсэн орлогч, эскадрилийн захирагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийсэн. ЯК-18, АН-2 онгоц, МИ-4, МИ-8, МИ-8МТВ нисдэг тэргээр 9 мянган цаг буюу 2 сая км агаарын замыг туулжээ. Т.Сугар Монгол улсын хилийн дагуу нисдэг тэргээр хөөрөлт буулт үйлдэж, талбай сонгох, улсын хилийн багана, тэмдэгтийг нисдэг тэргээр хилийн торгон шугам дээр байрлуулах, хилийн шугамын зургийг агаараас авах, хил зөрчигчдийг олох, үер цас, шуурганаас хилчдийн амь насыг, улс нийгмийн өмч хөрөнгийг аврах, төр засгийн тэргүүн, гадаадын төлөөлөгчдөд үйлчлэх зэрэг ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж иржээ.

Т.Сугар шүхрийн спортоор 25 жил хичээллэж Д-1, Т-4, УТ-15, ЯК-12 зэрэг спортын болон үйлдвэрлэлийн зориулалтаар 1885 удаагийн шүхрийн үсрэлт үйлдэж, 1972 онд шүхрийн спортын мастер цол хүртэж, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль удаа дараа авч байжээ.

Т.Сугар "ЯК-18", "Ми-8" нисдэг тэргээр тасралтгүй 36 жил нислэг хийхдээ Монгол Улсын хил хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын тусгай нислэг болон гамшигтай тэмцэх үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн байна. Төр засаг, ард түмнийхээ төлөө чин шударгаар хүчин зүтгэснийг нь үнэлж 1993 онд Монгол Улсын "Гавьяат нисгэгч" цол, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний болон Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол Улсын "Хүндэт хилчин", тэмдэг, Монгол Улсын спортын мастер цол, тэмдгээр тус тус шагнажээ.