Утханы Мавлет
Утханы Мавлет (1937 онд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрж, 2010 онд нас барсан) БНМАУ-ын Геологи, Уур уурхайн Яамны сайд бөгөөд Байгаль орчныг хамгаалах яамны анхны сайд, Уул уурхайн анхны Төрийн шагналт, Техникийн ухааны доктор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]У.Мавлет Монголын баруун хязгаарт ядуу казак малчин Утханы гэрт төрж, багадаа эхээсээ өнчирсөн бөгөөд хурга хонь хариулах, зурам агнах, хадлан бэлдэх, хашаа барих ажилд багаасаа зүтгэж хэрсүүжсэн байна.
У.Мавлет Баян-Өлгий аймагт 7-р ангиа төгсөж, 1956 онд Аж үйлдвэрийн техникумыг уул уурхайн техникч мэргэжил эзэмшин төгсөж, Дожирын уурхайд өрөмдөгч болж, ажлын гараагаа эхэлүүлсэн байна. Улмаар ээлжийн мастер, хэсгийн даргаар ажиллаж байгаад 1959 онд Ленинград хотын Уул уурхайн дээд сургуульд урилгаар суралцжээ. 1964 онд төгсөж ирээд уул уурхайн экскаватор, уулын тэсэлгээ, уул уурхайн мастераар ажилласан.
1966 онд Бэрхийн уурхайн ерөнхий инженерээр ажиллаж, их амны гүнзгийрэлтийг хийж, 100м-ийн гүнд ашиглалт явуулах бэлтгэлийг хангаж, Налайхын нүүрсний уурхайн ерөнхий инженер болж байжээ. У.Мавлет Налайхын уурхайн ерөнхий инженер, уурхайн даргаар олон жил ажиллаж, Багануурын уурхайн шавийг тавилцаж, Гүн галуут нуурын нүүрсний эхний жижиг уурхайг нээн ажиллуулж, улс орны нүүрсний хэрэгцээг хангахад мэдлэг оюунаа зориулсны төлөө түүнд 1977 онд Төрийн шагнал хүртээсэн байна.
Тун удалгүй Аж үйлдвэрийн яамны хүнд үйлдвэрийн хэлтэс, хожим нь Түлш эрчим хүч, Геологийн яамны уул уурхайн хэлтсийн даргын алба хашиж байхдаа Цагаан-Овоо, Эгийн гол, Адуунчулуун, Баянтээг, Хартарвагатай, Нүүрст хотгор зэрэг уурхайг барьж байгуулах ажилд зураг төслөөс нь эхлэн оролцож ашиглалтад оруулан, Бэрхийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Их хайрханы гянт болдын уурхайг гүнзгийрүүлэн, гянт болдын баяжмалыг нэмэгдүүлэх ажлыг гардан хийсэн байна.
У. Мавлетыг 1979 онд Монгол Ардын хуьсгалт намын Төв Хороо Москвад ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газарт нүүрсний зөвлөхөөр томилжээ.
1980 оны 6-р сарын 30-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчоо, Геологи, Уур уурхай Яамны сайдын албан тушаалд У. Мавлетыг томилсон юм. У.Мавлет сайдын алба хаших үед Эрдэнэт үйлдвэр бүрэн хүчин чадалдаа хүрч, “Монголросцветмет” нэгдлийн Бор өндөр хайлуур жоншны гүний уурхай ашиглалтад орж, Монгол-Унгарын хамтарсан Цагаандавааны гянт болдын уурхай, Монголболгар металл, Монголчехословак металл хамтарсан уулын үйлдвэрүүд эрч хүчээ авч, Мардайн ураны үйлдвэрийн бэлтгэл хангагдаж, Улаан-Уулын гянт болдын хайгуул ашиглалтын үйлдвэр баригдан, олон улсын Геологийн экспедиц Монгол-Германы хамтарсан Бороогийн Геологийн экспедиц, ЗХУ-ын Совгео Монголын зураглалын экспедиц, Монгол-Польшийн Лугийн голын газрын ховор элементийг судлах экспедиц байгуулахад тэрээр гар бие оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн юм. У. Мавлет БНМАУ-ын Геологи, уул уурхайн яам Асгатын ордын зам харилцаа, хүдэр нь баяжигдах эсэх талаар судлаад Асгатын мөнгөний ордод Монголын талаас орох замгүй, ЗХУ-ын талаас штольн малтаж байгаа гэж дуулсан тул ЗХУ-ын Геологийн сайд Е.А.Козловскийгоос Алтайн хязгаарын "Курайн” экспедицэд зочлох талаар зөвшөөрөл хүсэж, улмаар 1983 онд Я. Нархүү, У.Мавлет, З.Барас, Л.Мягмар, Цэнд-Аюуш нар очиж "Курайн” экспедицийн штольны (далд хонгил) ажилтай танилцаж "Курайн”-аас Асгатын орд, түүний хүдрийн бүс биетүүдийн байршилд нисдэг тэргээр ирж, геологийн тойм зураглалын хэмжээнд танилцаж байжээ.
1987 оны 12-р сард У. Мавлет Байгаль орчныг хамгаалах яамны сайдаар томилогдон энэ шинэ яамыг эмхлэн байгуулж, богино хугацаанд олон төсөл, хөтөлбөр боловсруулж, байгаль орчны талаар хэд хэдэн хууль батлуулахад оролцсон байна.
1992 оноос Засгийн газрын ХЭГ-т геологи, уул уурхай эрхэлсэн референтээр ажиллаж байгаад 1996 онд тэтгэвэртээ суужээ.