Угра гол дээрх их зогсолт

Угра гол дээрх их зогсолт (16-р зууны үеийн дүрслэл)

Угра гол дээрх их зогсолт (Орос: Великое стояние на реке Угре) гэж Алтан Ордны Улсын хан Ахмат ба Оросын их ван III Иваны цэргийн эсрэг байлдахаар зэхсэн тулааны байрлалыг нэрлэдэг. Байлдахаар ирсэн хоёр талууд 1480 онд Угра голын хоёр талд шийдвэрлэх тулаан хийхээр хэдэн долоо хоног байрлалаа авсан боловч үнэндээ хэн хэн нь давшиж зүрхлээгүй байна. Ингээд олон хоногийн дараа Алтан Ордны Улсын цэргүүд өнөөдрийн өндөрлөгөөс харахад тайлахын аргагүй шалтгаанаар тулалдалгүйгээр буцсан байдаг аж. Энэхүү үйл явдлыг оросууд үндэстнийхээ түүх судлалд Монголчуудын Орос дахь ноёрхлын төгсгөл хэмээн үзэхийн сацуу 1380 онд болсон Куликовын тулалдааны хамтаар Оросын Эзэнт Гүрний хөгжлийн эхлэл буюу Алтан Ордны Улсын уналтын үе гэж ихэд дэвэргэн бичдэг ажээ.[1]

Өмнөх түүх[засварлах | кодоор засварлах]

Угра гол дээрх их зогсолтоос дөрвөн жилийн өмнө буюу 1476 онд III Иван ван жил бүр Алтан Ордны Улсад төлөх алба гувчуураа төлөхөөс татгалзсан байна. Энэхүү гувчуурыг монголчууд бүр Бат хааны үеэс (13-р зууны эхний хагасаас) тогтоон авч байсан аж. Ахмат хан тухайн үед Крымын Ханлигтай дайтаж байв. Үүнээс шалтгаалан дуулгаваргүй оросын их вантай тооцоо бодох боломж 1480 онд л гарсан нь тэр байв.

Бэлтгэл[засварлах | кодоор засварлах]

Ахмат ханы эхний арга хэмжээ нь Польшийн хан бөгөөд Литвын их ван IV Казимиртай холбоотон болов. Энэхүү холбооны зорилго нь Москвагийн Их Вант Улсыг нийлэн дарж авах явдал байлаа. Үүний зэрэгцээ оны эхээр III Иван ван өөрийн хоёр төрсөн дүү болох Борис Волоцки ба Андрей Большойтой муудалцсан байсан тул дүү нар нь ахдаа нуруугаа харуулан арилж одов. Дотоодын хагаралтай байгааг далимдуулан Ахмат хан дайтахаар шийдэн Ока голын орчмыг тулааны талбар болговол ямар байхыг мэдээд ир хэмээн тагнуулч илгээв. Ингээд намар нь Ахмат хан холбоотон Казимирын нутгаар дайран Москвагийн зүг хөдөлсөн ба явсаар Угра голд хүрч Литвын талд нь байрлалаа авсан байна.

Оросын талд бояруудын хооронд саналын зөрөлдөөн гарав. Тэдний тал нь цэргээ татан ухрах саналтай байсан бол нөгөө хэсэг нь Алтан Ордны цэрэгтэй дайтах саналтай байв. 19-р зууны түүхч Николай Костомаровын бичиж тэмдэглэснээр бол их ван удахгүй болох тулалдаанд ихэд эргэлзэж байсан гэдэг. Гэвч түүний эx Мариа фон Боровск болон гэгээнтнүүдийн ятгалгад автан цэргүүд дээрээ ирсэн байдаг аж.

Тулааны явц[засварлах | кодоор засварлах]

Ахмат хан цэргээ 1480 оны аравдугаар сарын 8-нд IV Казимирын цэрэгтэй нэгтгэхээр төлөвлөжээ. Үүний тулд тэрбээр Коломна, Серпухов, Таруса хотод байрласан оросын цэргүүдтэй тулгарахаас сэрэмжлэн Ока голын баруун цутгал Угра голыг гатлахаар ирэв. Гэвч энэхүү төлөвлөгөөнд нь Иван Иванович ба Андрей Меншой нараар удирдуулсан оросын цэргүүд саад болон голын эсрэг талд байрлалаа эзлэв. Ингээд дөрөв хоногийн турш үргэлжилсэн тулаанд тэд монголын цэргийг гол гатлахаас сэргийлж чадсан байна.

Энэхүү эхний багахан сөргөлдөөний дараа Ахмат хан цэргээ Воротынск хот руу татан, тэндээ Казимирын цэргийг хүлээхээр шийдэв. III Иван ван энэ боломжийг ашиглан муудсан байсан ах дүүстэйгээ дөрөвхөн хоногийн дотор учраа ололцож, тэднийг өөртөө татаж чадав. Үүнээс хойш 17 хоногийн дараа түүний дүү нар цэргээ авч ирэн Угра голын эрэг дээрх оросын цэрэгтэй нийлэв.

Ахмат хан оросын цэрэг улам олон болж байгааг харахын зэрэгцээ өөрийн холбоотон Казимираас ямар нэгэн мэдээ хүлээсээр байв. Гэтэл Казимир энэ хооронд өөрийн улсад нь (санваартны дайн) асуудал гарсан ба Крымын Ханлигтай дайтаж байсан аж. Монголчууд 1480 оны арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэл хүлээсэн бөгөөд голын ус хөлдөж эхлэнгүүт ямар нэг тулааны шийдвэр гаргахаас өөр аргагүй болжээ. Өвөл болж дээрээс нь халдварт өвчний улмаас сульдсан Алтан Ордныхон өмнө зүг ухарчээ.

Үр дагавар[засварлах | кодоор засварлах]

Угра гол дээрх их зогсолтод зориулсан дурсгалын хөшөө

Энэхүү үйл явдал Алтан Ордны Улс ба Оросын Вант Улс хоёрын хоорондох сүүлчийн зэвсэгт мөргөлдөөн байв. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа буюу 1481 оны нэгдүгээр сарын 6-нд Ахмат хан Сибирийн Ханлигтай хийсэн тулаан дээр амь эрсэджээ. Түүнчлэн энэхүү Угра голын сөрөн зогсолтыг цаг хугацаа явах тусам Москвагийн их вангийн суу заль болон цэргийн хүчээр монголчуудыг дарсан гэх цуу яриаг дэлгэрүүлсэн төдийгүй Орос дахь монголчуудын ноёрхлыг төгсгөл болгож, Алтан Ордны Улсын уналтын шалтаг болжээ. Үнэн хэрэгтээ энэ үйл явдалтай холбогдох бодит эх сурвалж байхгүйгээс өнөөдөр монголчууд гэнэт цэргээ татсан шалтгааны талаарх зөвхөн таамаг л дэвшүүлэх боломжтой. Ямартай ч Ахмат ханы хувьд оросын цэргийн хүчнээс илүүтэйгээр монгол эсэргүүцэгчид илүү олон байсан нь тулалдаагүй шалтгаан байх хамгийн өндөр магадлалтай юм.[2] Түүнийг залгамжлагч хан Шейх Ахмед нь 1502 оныг хүртэл Алтан Ордны Улсыг захирч байгаад Литвад цаазлуулжээ. Алтан Ордны Улс задран унасан нь Москвагийн Их Вант Улс тус бүс нутагт давамгайлах байр суурьтай болоход чухал нөлөө үзүүлсэн гэдэгт хэн ч маргах аргагүй үнэн юм. 1547 онд Иваны ач хүү Догшин Иван Оросын Царьт Улсыг үндэслэн байгуулсан юм.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Nesin, M.K. On the Reasons for the Withdrawal of Tatar Troops after the Ugra Standoff, 2015, in Russian: http://www.reenactor.ru/ARH/PDF/Nesin_05.pdf (avoid further links to milhist.info which is not secure)
  • Manfred Hildermeier: Geschichte Russlands. Vom Mittelalter bis zur Oktoberrevolution. C. H. Beck, München 2013, ISBN 978-3-406-64551-8, S. 159–162.
  • Michael Khodarkovsky: Russia's Steppe Frontier. The Making of a Colonial Empire, 1500–1800 (= Indiana-Michigan Series in Russian and East European Studies.). 1st paperback edition. Indiana University Press, Bloomington IN u. a. 2004, ISBN 0-253-21770-9, S. 77–82 (Moscow and the Great Horde: The „Ugra Standoff“ reconsidered.).
  • Алексеев Ю. Г. Государь всея Руси. — Новосибирск: Наука; Сибирское отделение, 1991. — 240 с. — (Страницы истории нашей Родины). — 175 000 экз. — ISBN 5-02-029736-4.
  • Каргалов В. В. Русь и кочевники / Гл. ред. С. Н. Дмитриев, ред. М. К. Залесская. — М.: Вече, 2008. — 480 с. — (Тайны Земли Русской). — ISBN 978-5-9533-2921-7.
  • Martin J. Medieval Russia: 980—1584 (англ.). — 2nd ed. — Cambridge—…: Cambridge University Press, 2007. — xxvii, 507 p. — (Cambridge Medieval Textbooks). — ISBN 978-0-511-36800-4.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Michael Khodarkovsky, Russia's Steppe Frontier: The Making of a Colonial Empire, 1500–1800 (Indiana University Press, 2002), 80.
  2. Vgl. dazu Khodarkovsky: Russia's Steppe Frontier. 2004, S. 80–82.