Jump to content

Украин-НАТО хамтын ажиллагаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Украин-НАТО хамтын ажиллагаа- Украин улс 1992 онд тусгаар тогтносны дараа Европ Атлантын хамтын ажиллагааны Зөвлөлд нэгдсэнээр НАТО-той хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. Хэдэн жилийн дараа буюу 1994 оны 2-р сард Украин улс "Энхтайвны төлөөх түншлэл" санаачилгын хүрээнд НАТО-той Ерөнхий гэрээ байгуулсан. Сүүлд 2002 онд Украин НАТО-той "Тусгайлсан ​​түншлэлийн төлөвлөгөө"-г баталсан байна.

2005 онд Украинд Улбар шар хувьсгал болж Ерөнхийлөгч Виктор Ющенко засгийн эрхэнд гарсны дараа НАТО-той хамтын ажиллагаагаа "Түргэвчилсэн яриа хэлэлцээ" хэлбэрээр явуулж эхэлсэн бөгөөд энэ нь Украиныг Хойд Атлантын гэрээний байгууллагад элсүүлэх эхний алхам болох зорилготой байв. 2008 оны эхээр НАТО Украины Ерөнхийлөгч Виктор Ющенко, Ерөнхий сайд Юлия Тимошенко, Парламентын дарга Арсений Яценюк нараас Украиныг НАТО-гийн гишүүнчлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд (MAP) оруулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авчээ. Гэсэн хэдий ч тухайн 2008 оны 4-р сард болсон НАТО-гийн Бухарестын дээд хэмжээний уулзалтаар Герман, Францын байр суурийн улмаас Украин татгалзсан хариу авсан. Гэсэн хэдий ч НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд Бухарест хотод Гүрж, Украин улсууд гишүүнчлэлийн шаардлагыг хангасны дараа НАТО-гийн гишүүн болно гэж мэдэгдсэн байна.

2010 онд Украины Ерөнхийлөгч Виктор Янукович засгийн эрхэнд гарснаар эвсэлд /НАТО-д/ үл нэгдэх статус нь Украины гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон юм.

2014 он хүртэл Украинчуудын дийлэнх нь (ойролцоогоор 66%) НАТО-д элсэхийг дэмждэггүй байв. Оросууд Крымыг нэгтгэж, Донбасст дайн эхэлсний дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн бөгөөд Украинчуудын дийлэнх нь (50 гаруй%) одоо НАТО-д элсэхийг дэмжиж эхэлсэн байна.

2014 оны 12-р сард Украины Дээд Рада Ерөнхийлөгч Петро Порошенкогийн өргөн барьсан хуулийн төслийг баталсан бөгөөд уг хуулийн төсөлд Украины эвсэлд нэгдээгүй статусыг "гадны түрэмгийлэл, дарамтаас улсын аюулгүй байдлыг хангахад үр дүнгүй" гэж үзэн хүчингүй болгосон байна. 2017 оны 6-р сард Украины парламент уг хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, НАТО-гийн гишүүнчлэлийг Украины гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж зарласан юм. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Украин улс Европын Холбоо болон НАТО-д бүрэн эрхт гишүүн болох стратегийн чиглэлийг үндсэн хуулийн хэм хэмжээ болгон баталгаажуулсан юм.

2020 оны 6-р сарын 12-нд Европ Атлантын хамтын ажиллагааны Зөвлөл Украинд Өргөтгөсөн Боломжуудын Түнш (англи. Enhanced Opportunities Partner, EOP) статус олгосон. 2021 оны 6-р сард болсон Брюсселийн дээд хэмжээний уулзалтаар НАТО-гийн удирдагчид Украинд "Гишүүнчлэлийн Үйл Ажиллагааны Төлөвлөгөө" (англи. Membership Action Plan, MAP) олгох, Украин улс ирээдүй, гадаад бодлогоо бие даан тодорхойлох эрхтэй гэсэн 2008 оны Бухарестын дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг дахин баталгаажуулсан.

Украин бол Австрали, Гүрж, Йордан, Шведийн хамт НАТО-гийн Өргөтгөсөн Боломжуудын Түнш 5 улсын нэг юм.

2022 оны 9-р сарын 30-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Орос улс Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг нэгтгэсний дараа Украины НАТО-д түргэвчилсэн гишүүнчлэлийн өргөдөлд гарын үсэг зуржээ.

Украины НАТО-д элсэх талаарх Оросын байр суурь

[засварлах | кодоор засварлах]

Орос улс НАТО-гийн дорно зүг рүү тэлэхийг, түүний дотор Украиныг элсүүлэхийг үргэлж эрс эсэргүүцсээр ирсэн. 2008 оны Бухарестын НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа Оросын Жанжин штабын дарга генерал Юрий Балуевский хэрэв Гүрж, Украин улсууд НАТО-д элсвэл Орос улс хил орчмынхоо ашиг сонирхлыг хамгаалахын тулд "цэргийн болон бусад арга хэмжээ" авахаас өөр аргагүй болно гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч НАТО Оросын энэхүү шаардлагыг няцааж байв. 2014 оны 11-р сард НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украиныг НАТО-д элсэхийг хориглох нь "Украины тусгаар тогтнолыг хүндэтгэх үндсэн зарчмыг зөрчих болно" гэж мэдэгдсэн ажээ.