Улаагана
| Улаагана | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Биологийн ангилал | ||||||||
|
Улаагана (Латин: Ribes, дуудлага: /ˈraɪbiːz/)[1] нь голчлон Бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс нутгаас гаралтай, ургамлын аймгийн 200 орчим мэдэгдэж буй зүйлийг багтаасан цэцэгт ургамлын төрөл юм. Улааганыг Оросоор смородина, англиар Currant гэдэг. Улаагана нь Сэрдэгийн (Grossulariaceae) овгийн цорын ганц төрөл юм. Монгол оронд 12 зүйлийн улаагана[2] ургадаг. Энэ төрөлд улаалзгана[3] буюу улаан улаагана[4][5] (redcurrants, красная смородина), хар улаагана[6][7] буюу үхрийн нүд (blackcurrants, черная смородина), цагаан улаалзгана (whitecurrants, белая смородина), өргөст улаагана буюу тошлой (gooseberries), чулуусаг улаагана буюу хад зэрэг ургамлууд багтдаг. Эдгээр зүйлүүдийн хэд хэдэн сортыг хүнсэнд хэрэглэх зорилгоор болон цэцэрлэгжүүлэлтэд гоёл чимэглэлийн ургамал болгон тариалдаг. Мөн улааганы төрлийн ургамлууд нь таван шилмүүст нарс модыг гэмтээдэг мөөгөнцрийн эмгэг төрүүлэгч болох нарсны цэврүүт зэв өвчний (white pine blister rust) үндсэн дамжуулагч (завсрын эзэн) болдог.
Улаагана нь биологийн идэвхт бодис ихтэй ургамлын тоонд ордогоос гадна амин дэмийн чанараараа ч жимснүүд дотроо дээгүүрт ордог. Агуулагдах аминдэмийн хувьд P, C, B1, B2 агуулдаг ба каротин, пектин, антиоксидант, фосфор, чулууны хүчлүүд, антоцианы ба флавоноидын нэгдэл, катехин, треонин, эфирийн тос агуулдаг.[8]
Тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Улааганы төрлийн ургамлууд нь цэцэг болон жимсийг хувьд маш олон янз хэлбэртэй байдаг дундаж хэмжээний бутлаг ургамал юм. Сарвуулаг болон нийлмэл навчтай байх бөгөөд зарим нь өргөстэй байдаг. Улаагана нь хос бэлэгтэй бөгөөд баг цэцэг үүсгэдэг. Зарим зүйл ургамлууд нь салангад бэлэгтэй байдаг. Тэхийн шээг буюу шивүүр улаагана нь эр эм цэцэг тусдаа бодгаль хөгждөг буюу эр тэхийн шээг, эм тэхийн шээг гэж байдаг.
Зүйлээсээ хамаарч цэцэг нь ногооноос шар, улаан хүрэн хүртэл өөр өөр өнгө байж болдог. Цэцгийн цоморлиг нь дэлбээ нээсэн том байх бөгөөд хоорондоо нийлж гуурс эсвэл таваг хэлбэрийг үүсгэдэг. Доор суудалт үрэвчтэй бөгөөд боловсорч гүйцэхэд олон тооны үрт жимсгэнэ болж хөгждөг.
Тархац
[засварлах | кодоор засварлах]Улаагана нь Бөмбөрцгийн хойд хагаст өргөн тархсан бөгөөд Өмнөд Америкийн уулархаг бүс нутгаар урагшаа сунаж ургасан байдаг. Энэ төрлийн зүйлүүд нь ихэвчлэн нуга болон гол горхины ойролцоо ургадаг. Мөн манай орны Дорнод, Хэнтий, Завхан, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад нутгийн шинэсэн гацуур, шинэсэн ба хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, гол горхийн эрэг, нуранги, хад асгатай газар ургана.
Ач тус
[засварлах | кодоор засварлах]Улаагана нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоолонд дуртай болгон гэдэс өвдөлтийг зогсоох, шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх, олон янзын аминдэм агуулдгийн ачаар өвчтөнийг тэнхрүүлэн цус багадах, тураж эцэх үед хэрэглэхэд тустай. Шүүсээр нь хоолойн өвчин, хөхүүлэн ханиалгахыг эмчилдэг бөгөөд навч нь бөөрний үйл ажиллагааг тордон идэвхижүүлж, туулайтах өвчний үед хэрэгцээтэй.[9]

Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ (Аймгийн ИТХ-ын тогтоолын хавсралт)". Legalinfo.mn. Татаж авсан: 2026-08-29.
- ↑ Болормаа, Б.; Булгамаа Д.; Отгонтуяа Л. (2019). Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт. Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, ШУА-ын Ботаникийн хүрээлэн. х. 6.
- ↑ Болормаа, Б.; Булгамаа Д.; Отгонтуяа Л. (2019). Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт. Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, ШУА-ын Ботаникийн хүрээлэн. х. 6.
- ↑ "Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ (Аймгийн ИТХ-ын тогтоолын хавсралт)". Legalinfo.mn. Татаж авсан: 2026-08-29.
- ↑ Ургамал, М.; Оюунцэцэг Б. (2019). Монгол орны биологийн олон янз байдал: ургамал, мөөг, бичил биетний зүйлийн жагсаалт (Дэд боть) (PDF). Монголика хэвлэлийн газар. х. 67.
- ↑ "Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ (Аймгийн ИТХ-ын тогтоолын хавсралт)". Legalinfo.mn. Татаж авсан: 2026-08-29.
- ↑ Болормаа, Б.; Булгамаа Д.; Отгонтуяа Л. (2019). Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт. Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, ШУА-ын Ботаникийн хүрээлэн. х. 6.
- ↑ Ц.Ичинхорлоо (2002). Байгалийн эмийн сан. х. 59.
{{cite book}}: Text "publisher" ignored (help) - ↑ Ц.Ичинхорлоо (2002). Байгалийн эмийн сан. х. 60.
{{cite book}}: Text "publisher" ignored (help)