Улаанбаатар марафон 2025
Улаанбаатар марафон 2025 (англи. Ulaanbaatar Marathon 2025) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 10 дах жилдээ зохион байгуулагдаад уламжлал болоод байгаа олон улсын марафон гүйлтийн тэмцээн юм. Энэ тэмцээнд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцон 500, 1500, 5000, 10000, 21000 метр болон хамгийн холын 42 км хүртэл зайд гүйж уралдсан юм. Энэ 2025 оны уралдааны хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж өрсөлдсөн байна. Уралдааны үеэр хотын төв хэсгийн машины хөдөлгөөнийг хааж тэмцээний Гараа ба Барианы талбар болсон Сүхбаатрын талбайд спорт, урлаг, эрүүл мэнд, хоолны олон төрлийн үйлчилгээг үзүүлж байв.
Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх, барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлснийг “Hipay” компани хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллажээ. Улаанбаатар марафон 2025-д сайн дурын 450 ажилтан ажилласан юм.
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монголд гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Олон улсын гүйлтийг “өдөрлөг”-ийн хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна” гээд өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдар, оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалсан юм.
Бүртгэлийн хураамжийн хувьд 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг), 5 км-т 10.000 төгрөг, 10 км-т 50.000, 21 км-т 70.000, 42 км-т 90.000 төгрөг байлаа. Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчидийн энгэрийн дугаарыг 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос олгов.
Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, 500, 800м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгов.
Марафоны видео
[засварлах | кодоор засварлах]- Эндээс үзнэ үү.























