Jump to content

Улаанбаатар хотын музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаанбаатар хотын музей
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ
ᠮᠦᠽᠧᠢ
Улаанбаатар хотын музей 2024 онд
Байгуулагдсан1960 он (1960)
БайршилБаянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол
ТөрөлТүүхийн музей
Үзэгчдийн тоо2500
Цахим хуудасАлбан ёсны цахим хуудас

Улаанбаатар хотын музей -Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот судалгааны төв ,соёлын байгууллага юм. “Улаанбаатар хотын музей” нь байгуулагдсан цагаасаа эхлэн томоохон засвар шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй ирсэн байна.

Эл музейн байшинд 1921 оны 7, 8 дугаар сард МАН-ын Төв Хороо, Засгийн газар, Бүх цэргийн жанжин штаб байрлаж, нэг тасалгаанд нь жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-1944 онд Тува улсын Элчин сайдын яам, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар тус тус байрлаж байгаад 1956 оны 7-р сарын 9-нд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг хотын иргэд, зочид гийчдэд танилцуулах зорилгоор “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэй музейг байгуулжээ. 1960 онд Төв Хорооны шийдвэрээр “Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей” болгон өргөтгөж, 1971 онд музейн байшинг улсын 2 дугаар зэрэглэлийн хамгаалалтанд авчээ. 2011 онд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор “Улаанбаатар хотын музей” болгон өөрчилсөн байна.

20-р зууны эхэн үед Их хүрээнд Оросын Буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжавын 1918-1919 онд баригдсан байшин байсан юм. Тухайн үеийн Их хүрээний чамин тансаг байшингуудын нэг болж байсан тус байшинг Цогтбадамжав өөрийн хувийн сууцын зориулалтаар барьжээ. Цогт Бадамжав байшингаа хийц, загварын хувьд чамин өвөрмөц төрхтэйгөөр хийснээс гадна байшингынхаа орой дээр Оросын хаан ширээ унахыг бэлгэдэн гар гараасаа хөтлөлцөн алхах ардуудыг модоор сийлсэн ширээний дөрвөн хөлийг дээш харуулж байрлуулсан нь хувьсгалт дэвшилт үзэлтэй хүн байсныг нь илтгэдэг.

Тус музейн 3 танхимд Улаанбаатар хотын түүхийг 1639-1911, 1911-1924, 1924-1954, 1954-1990, 1990 оноос хойш гэж үечлэн танилцуулжээ.  Музейд ховор чухал үзмэр нэлээд байдгаас онцлон дурдвал, 1946 онд зураач Д.Манибадарын даавуун дээр хуулбарлан зурсан “Нийслэл хүрээ” (1914-1915 онд зурагдсан Жүгдэр хэмээх зураачийн бүтээл, эх зураг нь Богд хааны ордон музейд буй.) хэмээх 148 х 282 см хэмжээтэй бүтээл, одоогийн Амгалан хавиас олдсон эртний хөхтөн арслан зааны дунд чөмөгний яс, шүд зэрэг палеонтологийн олдвор, одоогийн Сонгинохайрхан уул орчмоос олдсон хуучин чулуун зэвсгийн үед хамаарах чулуун зэвсэг, Хүннүгийн үеийн ваар сав гэх мэт археологийн олдворууд хадгалагдаж байдаг.

Музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимуудад нийт үзмэрийн гуравны нэг нь дэлгэгдэж, үзэгчдийн хүртээл болж байна.

1924 онд Улсын анхдугаар их хурлаас Зөвлөлтийн коментерний төлөөлөгч Рыскуловын санаачилгаар Нийслэл Хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэхээр тогтжээ. “Улаан” гэдэг нь тухайн үеийн “улаан цэрэг”, “улаан хувьсгал”, “улаан туг” гэх мэтээр өргөн хэрэглэж байсан үг байв. Харин “баатар” хэмээн нэрлэсэн учир нь 1911, 1921 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Ардын хувьсгалын голомт газар нь Нийслэл Хүрээ байсан, тухайн цаг үедээ баатарлаг үйл хэргийг эндээс удирдаж байсан гэдэг утгаар “баатар хот” хэмээн дэвшүүлжээ. Эл хурлаар “Улаанбаатар хотын төв захиргааны дүрэм”-ийг баталсан бол 1925 онд “Улаанбаатар хотын төв захиргааны дагах дүрэм”-ийг тогтоож, “Улаанбаатар хотын жинхэнэ иргэн” гэдэг үнэмлэхийг баталж байжээ. Эдгээр дүрэм журам, үнэмлэх зэрэг нь жинхэнэ эхээрээ тус музейд хадгалагдаж байдаг. “Улаанбаатар хотын жинхэнэ иргэн” гэдэг үнэмлэх нь 1940 онд шинээр хэвлэгдэн хотын иргэдэд тараагдаж байсан байна. 1924 онд хэрэглэж байсан “Улаанбаатар хотын 3 дугаар хорооны тамга”, 1932 онд хэрэглэж байсан “Улаанбаатар хотыг захирах яамны тамга”, хотын анхны дарга Моононгийн Баярын хэрэглэж байсан хотын захиргааны анхны бичгийн машин (Америкт захиалж хийлгүүлсэн Монгол үсгийн машин ) зэрэг чухал үзмэрүүд хадгалагдаж байдаг.

Бас нэгэн сонирхолтой үзмэр бол 1920-иод оны сүүлээр Нийслэл Хүрээнд “Ломбард буюу мөнгө барьцаалан зээлдүүлэх газар” байгуулагдаж байсныг гэрчлэх тухайн ломбардаас зээлдэгчид олгож байсан баримт бичиг юм. Мөн “Богдын лүндэн” хэмээх зарлиг бичиг байх бөгөөд 8-р Богд хаан Их Хүрээг “Нийслэл Хүрээ” хэмээн нэрлэх тухай заасан зарлигийн хуулбар юм.

Тус музейд социализмын үеийн алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд нэлээд бий. Тухайлбал, зураач Үржингийн Ядамсүрэнгийн 1971 онд зурсан “Улаанбаатар” зураг, Самдангийн Сэнгээгийн 1974 онд бүтээсэн “Түүхт Улаанбаатар” зааны соёон дээр хийсэн сийлбэр, М.Чуваамидийн 1974 онд бүтээсэн “БНМАУ мандтугай” модон сийлбэр, А.Цэрэнхүүгийн 1982 онд бүтээсэн “Брежневийн хөрөг” торгон хатгамал гэх мэт хосгүй үнэт бүтээлүүд тавигдсан байдаг. Тухайн үеийн ах дүү социалист хотуудын дарга нараас бэлэглэж байсан дурсгалын зүйлс, 1911 оноос хойшхи хотын байдлыг харуулсан хар цагаан болон өнгөт түүхэн фото зургуудыг байрлуулжээ.