Улаан арми дахь хэлмэгдүүлэлт 1937-1938 он

1937-1939 онд Зөвлөлтийн Ажилчин тариачны Улаан армийн даргалах бүрэлдхүүнээс 40 мянган хүнийг баривчилж хэлмэгдүүлсэн гэсэн тоо бий. Бас дайны өмнө улаан армиас даргалах бүрэлдхүүний 44 мянган хүнийг хэлмэгдүүлэн баривчилсан нь офицерын корпусын талаас илүү хувь болж байлаа” гэсэн өгүүлбэр судалгаанд байна. Судлаач А.Н.Яковлев бүр "Дайны өмнө Сталин Улаан армиас 70 мянга гаруй даргыг устгасан” гэж бичсэн байна. Статистикаас харахад 1937 оны нэгдүгээр сарын 1 гэхэд Улаан армийн команд-даргалах бүрэлдхүүнд 206,3 мянган хүн байж. 1937 оны эхний 10 сард улаан армиас 13811 хүний халж тэднээс 3776 хүнийг баривчилсан байна. Харин 1937-1939 онд 9579 хүнийг баривчилж, улс төрийн шалтгаанаар 19106 хүнийг халсан байдаг. Баривчилсан хүмүүсээс 1457-г нь 1938-1939 онд буцаан авчээ. Цэргийн нисэх хүчин, флотыг оруулалгүйгээр зөвхөн армиас 1937-1939 онд 8122 хүнийг баривчилж, 9859 хүнийг халсан гэсэн тоо байна. Тэгээд ч бүгдийг бас буудан хороогоогүй. 1941 он гэхэд улаан армийн командлах бүрэлдхүүний 7,1 хувь нь дээд боловсролтой байж. Харин хэлмэгдүүллийн өмнө 1936 онд энэ үзүүлэлт 6,6 хувь байжээ. 1936 онд даргалах бүрэлдхүүний дотор 13 мянган хүн академик боловсролтой байсан бол 1939 онд 23 мянга болж, 1941 онд бүр 28 мянгад хүрсэн байдаг. Гэхдээ л 1937 оны тавдугаар сараас 1938 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд Батлан хамгаалах ардын комиссариатын гурван орлогчийг баривчилсан байна. Цэргийн тойргуудаас гурав, орлогчдоос нь дөрөв, штабын дарга нараас дөрөв, кордпусын дарга нараас 12, корпусын штабын дарга нараас 14-ийг баривчилж хэлмэгдүүлжээ. Судлаачдын тооцоогоор 1937-1938 онд гэхэд л Улаан арми, тэнгисийн цэргийн флотын 40 гаруй мянган дарга хэлмэгдсэний 9000 гаруй нь дээд тушаалын хүн байжээ. - 1937 онд байсан таван маршалын гурав нь болох М.Н.Тухачевский, А.И.Егоров, В.К.Блюхер нарыг буудан хороосон байлаа. - Нэгдүгээр рангийн арми командлагч дөрвөн хүн бүгдээрээ. - Флот командлагч хоёр хүн хоёулаа. - Хоёрдугаар рангийн арми командлагч 12 хүн бүгдээрээ. - Корпус командлагч 67 хүний 60 нь - Дивиз командлагч 199 хүний 136 нь - Бригад командлагч 397 хүний 211 нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байжээ. С.М.Буденный, Б.М.Шапошников, Д.Г.Павлов, С.К.Тимошенко нарыг ч ногоон малгайтнууд баривчлахад зэхэж байжээ. Дайн яг эхэлчихээд байхад ч Дотоод хэргийн ардын комиссариатын газар К.А. Мерецков, П.В. Рычагов, Г.М. Штерн зэрэг хэдэн цэргийн дарга нарыг бөөнөөр нь баривчилж 1941 оны аравдугаар сард буудан хороож байсан юм.