Jump to content

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
МУБИС-ийн төв байр
МУБИС-ийн төв байр
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь Монгол улсын багш бэлтгэдэг тэргүүлэх их сургууль юм.

МУБИС анх БНМАУ-ын "Багш бэлтгэх түр курс" нэртэйгээр 1922 онд байгуулагдаж, тухайн үеийн ард олныг бичиг үсэгт сургах, соён гэгээрүүлэх багш нарыг бэлтгэж эхэлсэн байдаг. Харин 1951 оноос албан ёсоор Улсын багшийн институт, 1957 оноос Улсын багшийн дээд сургууль, 1990 оноос Улсын багшийн их сургууль, 2003 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

МУБИС орчин цагийн боловсролын салбарыг үүсэж хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй төгсөгчдөөс төр нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, алдар гавьяатнууд олон зуугаараа мэндэлсэн юм.

МУБИС-ийн эрдмийн хамт олон улс орныхоо өрсөлдөх чадвар, хөгжил дэвшлийг бүтээгч шинэ үеийн багш, инновац хөгжүүлэгч, энтрепренер сэтгэгчдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна.[1]

Өнөөдрийн байдлаар бакалаврын түвшинд 43 мэргэжлээр 11000 оюутан, магистр, докторын түвшинд 9000 орчим суралцагчид, 1500 гаруй гадаад оюутан, 900 орчим багш профессор, ажилтан ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. МУБИС бүрэлдэхүүний 7, орон нутагт салбар 2 сургууль, ерөнхий боловсролын сургууль гээд нийт 10 бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит, тэргүүлэх их сургуулийн нэг.

Тус сургуулийн профессор багш, судлаачид 2022-2023 онд Web of science, Scopus бүртгэлтэй сэтгүүлд эрдэм шинжилгээний 54 өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд 2023 оны байдлаар гадаадын Erasmus, UNISEF, ADB, JAICA, DANIDA, Нээлттэй нийгэм форум 17, ШУТ сан 5 зэрэг дотоодын нийт 62 төсөлд МУБИС-ийн багш нар ажиллаж байна.  

МУБИС улсдаа тэтгэлэгт хөтөлбөрөөр тэргүүлдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын болон МУБИС-ийн нэрэмжит нийт 8 тэтгэлгийг жил бүр элсэгчдэдээ олгодог. Мөн оюутанд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулдаг.

МУБИС 252000 номын сан хөмрөг бүхий 5 салбар номын сан, 2950 оюутны багтаамж бүхий 11 оюутны дотуур байрын үйл ажиллагаа явуулж байна.

МУБИС олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN, ACQUIN байгууллагаар сургалтын 8 хөтөлбөр, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 30 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлээд байна.

Гадаад харилцааны хувьд 14 улсын 90 их дээд сургууль, боловсролын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд БНСУ, БНХАУ, Япон улс, ОХУ, АНУ, Польш улс, ХБНГУ, БНФУ, Австралийн холбооны улсын их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнээс БНХАУ-ын 9 их, дээд сургуультай 10 мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг байна.

МУБИС-ийн албан ёсны веб сайт: https://msue.edu.mn/

Бүтэц, зохион байгуулалт, удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Бүрэлдэхүүний 7 сургууль:

  • Багшийн сургууль
  • Биеийн тамирын сургууль
  • Боловсрол судлалын сургууль
  • Дүрслэх урлаг, технологийн сургууль
  • Математик, байгалийн ухааны сургууль
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
  • Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Салбар 2 сургууль:

  • Архангай аймаг дахь салбар сургууль
  • Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль

Лицей сургууль:

  • МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургууль

Удирдлагын баг:

  • МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар
  • Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон
  • Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва
  • Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа
  • Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Тогтохбаяр
  1. Түнжингийн Машлай /1951-1956 онд УБИС-ын захирал, 1965-1966 онд дэд захирал/.
  2. Шагдарсүрэнгийн Бат-Өлзийт /1956-1957/
  3. Дэнзэнгийн Гомбосүрэн /1957-1960/
  4. Төмөрийн Балдан /1960-1968 онд УБДС-ийн захирал/
  5. Батын Дашжамц /1968-1975 онд УБДС-ийн ректор/
  6. Оролжавын Отгонсүрэн /1975-1990 онд/
  7. Цэгмидийн Цэвээн /1990-1991/
  8. Бэгзийн Чулуундорж /1991-1996/
  9. Сэрээнэнгийн Тогмид /1996-2003/
  10. Бадрахын Жадамба /2003-2014/
  11. Даваасүрэнгийн Мөнхжаргал /2014-2016/
  12. Дашдоржийн Мандах /2017-2021 он, МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор /
  13. Очирбатын Алтангоо /2021-2023 он МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор/
  14. Жамъянсүрэнгийн Батбаатар /2023 оноос МУБИС-ийн Ректор, профессор/
 Commons: Монгол Улсын Боловсролын Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ". msue.edu.mn. Татаж авсан: 2025-01-15.