Улс түмний найрамдлын их сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Znak RUDN
Тев байр РУДН, Миклухо-Маклая гудамж

Улс Түмний Найрамдлын Их Сургууль (РУДН) — ЗХУ-ын засгийн газрын шийдвэрээр 1960 оны 2-р сарын 5-нд “Улс Түмний Найрамдлын Их Сургууль”-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулагдсанаас нь жилийн дараа тус сургуулийг Конгогийн анхны ардын ардчилсан засгийн газрыг тэргүүлж байсан яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн Патриса Лумумбын нэрэмжит болгосон юм. Анхлан Ази, Африк, латин Америк гэхчлэн колончлолоос чөлөөлөгдсөн, хөгжиж буй орнуудын боловсон хүчнийг бэлтгэдэг байсан Улс Түмний Найрамдлын Их Сургуульд өдгөө ОХУ, ТУХН-ын улсуудаас гадна дэлхийн 146 гаруй орны 25 мянга орчим оюутан залуус суралцаж байна.

РУДН-ы түүх[засварлах | edit source]

Дэлхийн улс орнуудын чадварлаг боловсон хүчинг бэлтгэх гараагаа эхэлснээс хойш тус сургууль нийт 72 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Тэднээс таван мянга гаруй шинжлэх ухааны доктор, дэд эрдэмтэн дэлхийн 170 оронд салбараа хошуучлан ажиллаж байна. Мөн ОХУ-ын Сансар Судлалын хөтөлбөрийн хүрээнд орос хэлний бэлтгэл ангид олон орны сансрын нисгэгчид ирж бэлтгэгддэг юм. Улс Түмний Найрамдлын их сургуулийн олон төгсөгч төр, нийгмийн алдартай зvтгэлтнvvд болжээ. Энэ оны 2 сарын 6-нд Улс Түмний Найрамдлын их сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн тvvхэн ойтойгоо золгосон. Ойн арга хэмжээний хvрээнд ОХУ-ын төр засаг, яамдын удирдлагууд, Гадаадын улс орнуудын элчин сайд, зочид төлөөлөгчид оролцсон баярын хурал болон гадаадын авъяаслаг оюутнууд, сургуулийнхаа ансамблиудын нэгдсэн хvндэтгэлийн тоглолтыг Кремлийн ордонд амжилттай зохион байгуулсан юм. Түүгээр ч зогсохгvй ойд зориулсан “дугуй ширээний уулзалт”, эрдэм шинжилгээний бага хурал, улс орнуудын өдөрлөгvvд тус их сургуульд зохиогдсоор байна.

Мөн бүтэн жилийн хугацаанд Улс орнуудын төр засгийн удирдлага, ОХУ-д суугаа элчин сайдуудын айлчлалуудаас гадна олон улс орны оюутнуудын дунд өдөр өнжилгүй шахам янз бүрийн олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг. Үүнээс дурдвал Олон улсын Эрдэм шинжилгээний хурлууд, КВН тэмцээн, "Мисс РУДН," Тив тус бүрийн "7 хоног", Улс орнуудын өдөрлөг, Шинэ жил, Спорт, урлагийн олон арга хэмжээнүүд, жил бүрийн 5 сарын 1-нд "Планета Юго-запад" наадам, .... гэх мэт. Өнгөрсөн жилүүдэд сургуулийн факультет, олгох мэргэжил, оюутны тоо нэмэгдэж, “бакалавр-магистр” боловсролын хоёр шатлалтай систем нэвтрүүлснээс гадна боловсролын нэмэлт хөтөлбөртэй болсон байна. Мөн РУДН-ы давуу талуудын нэг нь сонгосон мэргэжлээр, нэг эсвэл хоёр гадаад хэлээр, бvр хоёр дахь дээд мэргэжлээр хэд хэдэн дипломтой төгсөх боломжтой юм..

Факультетууд болон сургалтын төвүүд[1][засварлах | edit source]

Факультетууд[засварлах | edit source]

  • Физик-математик байгалын шинжлэх ухааны факультет
  • Анагаах ухааны факультет
  • Хөдөө аж ахуйн факультет
  • Байгаль орчины факультет
  • Нийгэм хүмүүнлэгийн факультет
  • Хэл шинжлэлийн факультет
  • Инженерийн факультет
  • Эдийн засгийн факультет
  • Орос хэлний факультет
  • Хуулийн факультет

Сургуулиуд[засварлах | edit source]

  • Гадаад хэлний сургууль (ИИЯ РУДН)
  • Зочит буудал аялал жуулчлалын сургууль(ИГБиТ РУДН)
  • Олон улсын програмын сургууль(ИМП РУДН)
  • Олон улсын эдийн засгийн сургууль(Международная школа бизнеса) — ИМЭБ

Салбар сургуулиуд[засварлах | edit source]

РУДН-ы салбар сургуулиуд:

РУДН-ы захирлууд[засварлах | edit source]

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Сургуулийн гадаад харилцаа жилээс жилд сайжирч Европын улс орнуудын нэр хүндтэй их, дээд сургуулиудад төгсөх курсүүддээ суралцан 2 дипломтой төгсөх боломжийг ч олгож эхлээд байгаа юм. Дэлхийн 5 тивийн 140 гаруй орны 450 гаруй үндэстэн ястны залуус тус их сургуульд боловсрол эзэмшиж байгаа нь найзалж нөхөрлөх, зан заншилтай танилцах, түүх соёлыг нь судлах гээд асар их боломжийг хувь хүнд олгодогоороо давуу талтай. Үүнээс гадна РУДН-д гадны оюутнууд суралцах аюулгүй, тухтай орчинг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.

Оюутны хотхон[засварлах | edit source]

Оюутны хотхон

РУДН-ы оюутны хотхонд нийтдээ 7 мянга гаруй оюутан амьдарч байна. Оюутны хотхон нь сургуулийн төв байртайгаа зэргэлдээ байрладаг бөгөөд 2000 гаруй камер суурилуулсан хяналтын систем, галын аюулгүй байдлын систем, өндөржүүлсэн харуул хамгаалалттай 11 дотуур байр, спортын иж бүрэн цогцолбор, дэлгүүрүүд, үйлчилгээний төв, үсчин, гоо сайхан, интернет кафе, зоогийн газруудтай юм.

Тус сургуулийн оюутны хотхон нь 2009 онд ОХУ-ын их дээд сургуулиудын шилдэг оюутны хотхоноор шалгарсан байна. РУДН-ы үе үеийн төгсөгчид суралцаж байсан үеэ залуу насныхаа хамгийн мартагдашгvй дурсамжтай, сайхан он жилүүд байсан хэмээн дурсан ярьцгаах дуртай. Учир нь орон орноос ирсэн оюутан залуус эрдэм номдоо шамдан суралцахаас гадна өөр хоорондоо үзэл бодлоо харилцан солилцож, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлж найзалж нөхөрлөдөг ер бусын орчин бүрдүүлж өгсөн байдаг. Их сургуулийн биеийн тамир, эрүүлжүүлэх цогцолборт сагсан бөмбөг, хөлбөмбөг, йогоос эхлүүлээд 32 дугуйлан секц жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг.

РУДН-д суралцагч Монгол оюутнууд[засварлах | edit source]

15 жилийн өмнөөс анхлан суралцаж эхэлсэн Монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд өссөөр одоогоор 170 гаруй оюутан залуус мэдлэг боловсролоо дээшлүүлэн тус сургуульд суралцаж байна. Москва хот төдийгүй ОХУ дахь их дээд сургуулиудаас хамгийн олон Монгол оюутан суралцдаг сургууль гэдэг утгаараа РУДН дахь Монголын Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлж “РУДН-д суралцагч Монгол Оюутны Холбоо” /РМОХ/ болгон шинэчилсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. РМОХ нь тус сургуульд суралцагч Монгол оюутны нийтлэг хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн, тэдний үүсгэл санаачлагад тулгуурласан, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, байгууллага юм. Улс Түмний Найрамдлын их сургуульд сурч байгаа Монгол оюутнууд энэ оны 11-р сард Улс Монголынхоо тусгаар тогтнолоо тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан “Монголын 7 хоног” хөтөлбөрийг санаачлан, зохион байгуулав. Энэ арга хэмжээ нь өөрийн сургуулийнхаа 50 жилийн ойд бэлэг барьж буй явдал төдийгүй хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, гэрэл зураг болон гар урлалын үзэсгэлэн, худалдаа зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

РУДН-ы дэргэдэх "Олон үндэстний соёлын төв" \ИНТЕР КЛУБ\-д16 төрлийн студи, ансамбль, дугуйлан ажилладаг. Тус сургуульд суралцагч монголын охид, хөвгүүдийн “Чингисийн үр сад” хамтлаг тэдгээрийн нэг нь юм. 2010 онд Э.Дөлгөөний санаачлагаар анхлан байгуулагдсан Монголын урлагийг сурталчлагч энэ хамтлаг анхны уран бvтээлээ Кремлийн тайзан дээр, сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан тавьсан юм. Одоогоор дуучин, хөгжимчин, бүжигчдийн нийлсэн 30 гаруй хүний бүрэлдэхvvнтэй ансамбль болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. “Чингисийн үр сад”ансамбль эх орноо сурталчилах арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцдогоос гадна саяхан болж өнгөрсөн ОХУ-н Оюутны урлагийн “ФЕСТОС”-их наадамд “ МИР ТАНЦА” төрөлд амжилттай оролцон тусгай байрын шагнал хүртсэн юм. Сүүлийн vед сургуулийн харьяа урлаг, уран сайхны “ИНТЕР КЛУБ” ын дугуйлангуудад Монгол оюутан залуус идэвхтэй хичээллэж байна. Түүнээс дурьдвал: РУДН-ын “ИНТЕР КЛУБ” ын харьяа “РАДУГА” дууны чуулгад 5, Бүжгийн “РИТМ ДРУЖБА” ансамбльд 2, төгөлдөр хуурын дугуйланд монгол оюутнууд суралцаж, өөрийн авъяас чадвараа хөгжүүлж байгаа нь сайшаалтай. Мен РУДН-ын Оюутнуудын үүсгэн байгуулсан “Оюутны хөгжил клуб”-ын үйл ажиллагаа тогтмол идэвхитэй явагдаж байна. Тус Оюутны хөгжил клуб нь “Шинжлэх ухаан, Танин мэдэхvй”, “Спорт,чөлөөт цаг”, “Фото зураг сонирхогчид”-ын клуб гэсэн хэсгүүдэд хуваагдан 7 хоног бүрийн хагас сайн өдөр үйл ажиллагаагаа явуулдаг.

спорт цогцолбор

Сургууль болон РМОХ-ын үйл ажиллагааг сурталчилах, оюутнууддаа шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй түгээж, Ансамбль, клубуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор РУДН-д суралцагч Сэтгүүл зvйн ангийн оюутнуудын баг энэхvv цахим хуудсыг ажиллуулж байна. РМОХолбоо нь сургуулийнхаа монгол оюутнуудаас жил бүр шилдэг оюутан шалгаруулдаг уламжлалыг энэ жилээс эхлүүлсэн бөгөөд, оюутнуудынхаа дунд олон арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна.

Монгол оюутнууд сургуулиас болон ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголын оюутны байгууллагаас зохиодог арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцдог. Сургуулиас жил болгон зохион явуулдаг Азийн 7 хоногт улс орноо сурталчилсан үзэсгэлэн гаргаж, Азийн Оюутнуудын дунд зохиогддог спортын тэмцээнд оролцож волейболын төрөлд 2009 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ жил Москва хотод Ази тивээс суралцагч улс орнуудын аварга шалгаруулах тэмцээнд бадминтон, волейболын төрөлд оролцож волейболын төрөлд эмэгтэй баг алт, эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн. Мөн манай сургуулийн оюутан Б. Бадрах РУДН-ы шатрын багийн ахлагч бөгөөд РУДН-ыг төлөөлж олон уралдаан тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн билээ.

ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголын Оюутны Байгууллагуудаас уламжлал болгон зохион байгуулагддаг "Дэвжээ" хөгжөөнт тэмцээнд сүүлийн 2 жил дараалан 2-р байр, "Элсэн цаг" танин мэдэхүйн тэмцээнд 3-р байр эзэлсэн. 5-р сарын эхээр зохиогддог "Сагсан бөмбөгийн тэмцээн "-д амжилттай оролцох зорилготой эрэгтэй, эмэгтэй багууд бэлтгэлээ базааж байна.

Монгол оюутнууд тус их сургуульд хэрхэн суралцаж буй талаар Их сургуулийн олон улсын ажил эрхэлсэн проректор Владимир Денисенко Оросын дуу хоолой радио станцын тусгай сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа: ... "РУДН бүх орны оюутан суралцах боломжтой, боловсролын чанар маш өндөр зэргийг Монголд мэдсэний дараа, одоогоос 15 жилийн өмнө анхны Монгол оюутан манайд сурч байлаа. Түүнээс хойш мэргэжилтэн бэлтгэсэн хугацаанд оюутан, аспирант, дадлагажигч зэрэг монголын 90 орчим иргэн манай сургуулийн факультетуудыг төрөл бүрийн мэргэжлээр дүүргэсэн байх юм. Хувиар авч vзвэл манай их сургуульд эрдмийн цол хамгаалсан монголчуудын тоо бусад орны төлөөлөгчдөөс дутахгүй. Ер нь Монгол оюутнууд зүтгэлтэй, чадвартай, авъяастай, ихэвчлэн онц, сайн сурдаг. Жишээлбэл хэлбэл 2009 онд болсон Хэлний бэлтгэл ангийнхны математикийн олимпиадад эхний 3 байрыг Монгол оюутнууд эзэлж байсныг дурдахад хангалттай..." гэжээ.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Peoples' Friendship University of Russia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан