Уоррен Баффет

Уоо́ррен Ба́ффет (англи. Warren Edward Buffett [ˈbʌfɪt]; 1930 оны 8-р сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод төрсөн) —2025 оны 4-р сарын байдлаар 162 тэрбум долларын хөрөнгөтэй (Forbes) дэлхийн хамгийн том бөгөөд алдартай хөрөнгө оруулагчдын нэг, Америкийн бизнес эрхлэгч юм.
Уоррен Баффет бол дэлхийн дээрх хамгийн баян хүний нэг бөгөөд 2018 оны байдлаар баялагийн хэмжээгээрээ АНУ-ын 3-р ордог хүн. Мөн түүнийг «Ирээдүйг харагч», «Омахагийн илбэчин» (англи. Wizard of Omaha), «Омахагийн оракул» (англи. Oracle of Omaha) гэж нэрэлдэг байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том буян үйлдэгчдийн нэг тэрээр 2010 оны 6-р сард 37 тэрбум доллартай тэнцэх хөрөнгөө таван буяны санд үнэ төлбөргүй шилжүүлж байгаагаа зарласан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Уоррен Баффет 1930 оны 8-р сарын 30-нд Небраска мужийн Омаха хотод төржээ. Тэрээр бизнес эрхлэгч Ховард Баффет болон түүний эхнэр Лейла Стахл нарын гурван хүүхдийн хоёр дахь нь бөгөөд цорын ганц хүү болж төрсөн байна. Уоррен хүүгийн анхны сургууль нь Омаха дахь "Rose Hill Elementary School" бага сургууль байсан. Эцэг нь 1942 онд АНУ-ын Конгрессын сонгуульд ялалт байгуулж гишүүн болсоны дараа тэдний гэр бүл нь Вашингтон руу нүүж, Уоррен Баффет 1947 онд Вудро Вилсоны нэрэмжит ахлах сургуулийг (англи. Woodrow Wilson High School) төгссөн байна.
Уоррен Баффет 11 настайдаа эгч Дорисын мөнгөөр "Cities Service"-ийн хувьцааг 38,25 долларын үнээр авч бирж дээр байршуулжээ. Тэр хувьцаа эхлээд 27 долларын үнэ болж буурахад тэрээр эгчийнхээ мөнгийг алдлаа гэж айгсан байна. Дараа нь түүний хувьцааны үнэ 40 доллар хүрч өсөхөд буцааж авжээ. Гэвч хэдхэн хонгийн дараа уг хувьцаа 200 гаруй доллар болж өсөхөд боломжоо алдлаа гэж ихэд хармассан байна. Уг анхны туршлагаас хөрөнгө оруулагч хүн тэвчээртэй, тайван бөгөөд өөрийн үйлдэлдээ итгэлтэй байх ёстой гэдгийг сурсан гэдэг.
1945 онд коллежийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Баффет найзтайгаа хамт хуучин пинболын машин 25 доллараар худалдаж аваад үсчний газар байрлуулжээ. Хэдэн сарын дотор тэд Омаха дахь гурван өөр үсчинд хэд хэдэн машин суурилуулж ашиг олжээ. Энэ бизнесийг оны сүүлээр нэгэн дайны ахмад дайчинд 1200 доллараар зарсан байна.
1965 онд Баффет нэхмэлийн "Berkshire Hathaway" компанийн хяналтын багцыг худалдаж авсан бөгөөд энэ нь дараагийн жилүүдэд түүний хөрөнгө оруулалтын гол компани болсон юм. 1973 оны хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр тэрээр "Washington Post" сонины хувьцааг 11 сая доллараар худалдаж авсан юм.
Баффет Колумбийн их сургуульд Бенжамин Грэхемын удирдлаган дор суралцжээ. Баффетын хэлснээр, үндсэн шинжилгээгээр түүнд зөв хөрөнгө оруулалтын үндсийг зааж өгсөн хүн нь Грэхем байсан бөгөөд түүнийг эцгийнхээ дараа түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэж тодорхойлдог. Уоррен Баффет урт хугацааны хөрөнгө оруулалтын стратегийг баримталдаг - энэ нь хувьцааг эзэмших дундаж хугацаа 10 жил байна.
Түүний хөрөнгө оруулалтын зарчмууд
[засварлах | кодоор засварлах]Уоррен Баффет зах зээлийн зан төлөвийг урьдчилан таамаглах нь утгагүй зүйл гэж үздэг. Баффетийн хэлснээр, тэвчээртэй, хэмнэлттэй байхын зэрэгцээ тодорхой зарчмуудыг баримталж байж л урт хугацаанд амжилтад хүрнэ гэжээ.
Бизнес эрхлэгчийн хэлснээр "Итгэмээргүй үнээр жирийн компани авсанаас гайхалтай компанийг энгийн үнээр худалдаж авсан нь дээр" ажээ.