Jump to content

Ургамлан бүрхэвчийн нөхөн сэргээлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургамалжилтын суурь судалгаанд үндэслэн уурхайн олборлолтоор эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах үйл ажиллагааг гүйцэтгэх ёстой.

Экосистемийн суурь судалгааг тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрийн байгаль орчны мэрэгжилтнүүдийн хүчээр бие даан хийж болохоос гадна олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг ч ашиглаж болно.

Тухайн төслөөс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлохын тулд үйл ажиллагаа явуулах газар нутгийн ургамалжилт, ургамлын аймгийн талаар дараах суурь судалгааг хийх шаардлагатай. Үүнд:

• Тухайн орчны ургамлын зүйлийн бүрдэл

• Ховор, нэн ховор, ашигт ургамлын тархац, нөөц

• Ургамлан нөмрөгийн тусгаг бүрхэц

• Ургамлан нөмрөгийн бүтээмж ургац

• Аж ахуйн ашиглалтын байдал

Ургамлын зүйлийн бүрдлийг тодорхойлохдоо тухайн газар нутагт хамгийн элбэг тархацтай байгаа зүйлээс эхлээд хамгийн бага тархацтай зүйл хүртэл бүх зүйлийг жагсаан бичиж тэдгээрийн арви буюу тохиолдоцыг тодорхойлно.

Тухайн нутгийн унаган ургамлыг биологийн нөхөн сэргээлтэд сонгох нь ургамалжуулах ажил үр дүнтэй болох үндсэн нөхцөл юм. Нутгийн ургамал гэж тэр газрын унаган ургамал, эсвэл тухайн нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон, нутагшсан ургамлыг хэлнэ.

Ургамалжуулах ажилд чухал нөлөө үзүүлэх нэг хүчин зүйл бол тухайн нутагт жилд унах хур тундасны хэмжээ байдаг. Манай орны хувьд жилд дунджаар 200 мм-ээс бага хур тундас унадаг бүс нутагт олон наст ургамал тарихад эхний 2 жилийн хур тундасны хэмжээ онцгой нөлөөтэй байна. Хур тундас бага унадаг нутагт давтан тарилт хийх шаардлага гарч байдаг. Жилийн дунджаар 200 мм-ээс дээш хур тундас унадаг нутагт давтан тарилт шаардлагагүй.

Манай орны нөхцөлд уурхайн олборлолтоор эвдэрсэн газрыг ихэвчлэн бэлчээрийн зориулалтаар нөхөн сэргээдэг. Ийм тохиолдолд малд идэмжтэй, шимт чанар сайтай олон наст ургамал болох буурцагт болон үет ургамлуудыг сонгон нөхөн сэргээлтэд ашигладаг. Эдгээр ургамлуудыг дангаар нь тарихаас гадна хэд хэдэн ургамлыг хольж тарьдаг. Манай орны үрийн хүрэлцээ хомс тул импортын үрийг ихэвчлэн ашиглах нь элбэг байдаг.

Үрийн чанарын мэдээлэлд лабораторийн соёололт ба цэвэршилтийн талаар заавал тусгах ёстой. Энэ бол нөхөн сэргээлтэд тариалах ургамлын үрийн хувьд хамгийн чухал үзүүлэлтүүд юм.

Биологийн нөхөн сэргээлтэд тарих үрийн норм тогтоох, цаашилбал тарьсан ургамлын хээрийн соёололт, амьдрах ба сэргэн ургах, өвөлжих чадварыг тодорхойлоход үрийн жин буюу 1000 ш үрийн жин чухал үзүүлэлт болно.

Олон наст ургамлын үр соёлж ургахад хөрсний температур ихээхэн нөлөөтэй. Хөрсний 0-20 см үе давхрагад +10*С-аас дээш дулаантай байх нь олон наст ургамлын үр хөөж соёолон ургахад тааламжтай үе байдаг. Олон наст ургамлыг мөн намар тариалдаг туршлага олон улсад бий. Намар 10-р сараас хойш тарихад үрийн соёлох хугацаа хойшилно, өвлийн турш хөлдүү байж хүйтэн, чийгтэй нөхцөлд зохицож, хавар хөрсний температур нэмэгдэхэд үр соёлно.

Эрс тэс уур амьсгалтай, хөрсний үржил шим сул, гадаргын усны нөөц багатай хуурай хээр, говь цөлийн бүсийн экосистемийн өөрөө нөхөн сэргэх чадвар сул байдаг. Харин ойт хээрийн бүсэд экосистем өөрөө нөхөн сэргэх чадвар илүү байна. Иймд өөрөө сэргэх чадвар сул бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн талбайг хамгаалах, арчлах, услах шаардлагатай. Говь цөлийн бүсэд нутгийн ургамлыг сонгон тариалбал усалгааны зардлыг багасгана.