Ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал
Ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг ургамлан нөмрөг бүхлээрээ эвдрэл сүйтгэлд өртсөн тохиолдолд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, ургамлын биет хэмжээг бүхэлд нь хохироож сүйтгэсэн, шууд сөрөг нөлөөллийн үр дагавраас хамааран ургамлан нөмрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж гаргана.
Эвдрэлд өртсөн ургамлан нөмрөгийн үнэлгээ: Эвдрэлд өртсөн ургамлан нөмрөг гэж уул уурхай, дэд бүтцийн шугам сүлжээ болон үйлдвэр, зам, барилга бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаар газар, газрын хэвлийд нэвтэрч шимт хөрсийг хуулснаар ургамлан нөмрөгийг эвдэж сүйтгэснийг хэлнэ.
Эвдрэл, сүйтгэлд өртсөн ургамлан нөмрөгийн нийт биомассын хэмжээг тооцоход судалгааны газар, талбайн байршил, цар хүрээ, үнэлгээний зүйлийг тогтоох ажилбар нь хээрийн судалгаагаар хийгдэнэ. Экологи-эдийн засгийн үнэлгээ хийж байгаа газар талбар нь 2 болон түүнээс илүү тооны байршлын ялгавартай бол хээрийн судалгааны зураглалд үндэслэн байршлын ялгаа бүрээр ургамлын нийт массын хэмжээг тогтоож нийлбэрлэнэ.
Талхалж доройтуулсан ургамлан нөмрөгийн үнэлгээ: алхалж доройтуулсан ургамлан нөмрөг гэж газар хөрсийг эвдээгүй, газрын хэвлийд нэвтрээгүй байхад ургамлан нөмрөгийн газрын дээрх ил хэсгийг сүйтгэж үгүй болгосныг (түймэрт нэрвэгдэх, олон салаа замаар талхлагдах, бараа хурааж дарах, зөвшөөрөлгүй хадлан авах зэрэг) ойлгоно. Хөрсөн дээр шинээр зам үүсгэх, аливаа объект (ШТС, худаг уст цэг, замын дагуух үйлчилгээний газрууд, амралт-зугаалгын отоглох цэгүүд зэрэг)-ын ашиглалттай холбоотой үүсэж буй цэгэн талхагдалтай газарт хэрэглэнэ. Зөвшөөрөлгүй ашигласан бэлчээрийн үнэлгээ: Зөвшөөрөлгүй ашигласан бэлчээр гэж хуулиар хамгаалсан, бусдын эзэмшил газарт өөрийн малыг оруулж, бэлчээрийн өвсийг идүүлсэнээс үүссэн маргаантай тохиолдлыг (орон нутгийн хамгаалалттай отрын бэлчээрийг зөвшөөрөлгүй ашиглах, бусдын эзэмшлийн бэлчээр, өвөлжөө хаваржааны орчны нөөцийг малдаа идүүлэх зэрэг) ойлгоно.
Бэлчээр нь үнэлгээгүй, газар нь нийтийн өмчийн хэлбэрээр ашиглагддаг манай орны нөхцөлд бэлчээр ашиглалттай холбоотой гомдол, маргааныг таслах, улсын нөөц бэлчээр, тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газрын бэлчээрт учирсан хохирлыг тооцож гаргана.
Үүсмэл ургамлан нөмрөгийн үнэлгээ: Үүсмэл ургамлан нөмрөг гэж дараах тохиолдлуудад хамаарах газрын хамгаалалт, арчилгаа, тордолт, нөхөн сэргээлтээс үүссэн ургамлан нөмрөгийг хэлнэ. Үүнд:
• Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, биологийн аргаар ургамалжуулсан;
• Байгалийн ургамалтай нь хашиж хамгаалалтад авсанаар бэлчээрийн болон ургамлан нөмрөгийн төлөвийг сайжруулсан;
• Хот, суурин газарт байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбайд ногоон бүсийг төлөвлөлтийн дагуу тохижуулсан;
• Газрын эвдрэлийн дараа байгалийн аясаар өөрөө сэргэн ургасан зэрэг газруудын ургамалан нөмрөг байна.