Jump to content

Урианхайн гурван харуул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урианхайн гурван харуул (хятадаар:兀良哈三卫; пиньинь галиг:Wù liáng hā sān wèi) гэдэг нь 1389 оноос Мин улс монголын зүүн өмнөд хэсгийн зарим аймгийг эрхэндээ оруулж, тэдгээр аймгуудаар Хянганы нурууны орчимд 3 харуул байгуулжээ. Урианхайн 3 харуул нь Зүүн Монгол, Ойрадын хамтаар тухайн үеийн Монголыг бүрдүүлэгч гол хэсэг байв.

Байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
Мөн үзэх: Үжиэд (Өзөөд)

1387 онд Нагачу чинсангийн харъяат цэрэг ардыг Мин улсын их цэрэг эзлэн авсны дараа 1388 онд Төгстөмөр хааны цэргийг устгасны дараа эзлэгдсэн монгол аймгийн хүмүүсийг тухайн нутгийг нь сахиулах харуулын захиргааг байгуулжээ.

Тус 3 харуул нь эхлээд Мин улсын Нин вангийн захиргааны Тайнин доужихуйшисыд захирагдаж байгаад Юнлө хааны цагт Нурган доусыд харьяалагдах болжээ.

Түүхэн өөрчлөлт

[засварлах | кодоор засварлах]

Доян харуул нь 3 харуулын дотор хамгийн хүчирхэг бөгөөд голчлон монголын урианхай аймгийн хүмүүсээс бүрдсэн тул “Урианхайн 3 харуул” хэмээн нэрлэх болжээ. Урианхайн 3 харуул нь 1402 онд Мин улсын Юнлэ хааныг сууринд суухад цэргийн тусламж үзүүлж байжээ. Юнлэ хаан болмогц амлалтаа биелүүлээгүй учраас Урианхайн 3 харуулын монголчууд Аругтай тайшийн хамт Мин улсыг довтлох болжээ. Гэвч амжилт олоогүй тул нэг хэсэгтээ Мин улсын захиргаанд оров.

1430-аад оны үеэс Монгол хүчирхэг болохын хамтаар түүнд дулдуйдан Мин улсын ноёрхлыг хүлээн зөвшөөрөхөө больжээ. 1440-өөд оны үед Урианхайн 3 харуул нь Ойрадын Эсэн тайшийн талд орж, Монголын цэргийг замчлан Мин улсыг довтолж байжээ. Урианхайн 3 харуул XV зууны дунд үеэр өмнө тийш нүүдэллэн Цагаан хэрмийн гадна нутаглах болжээ. Доянь харуулын монголчууд Баясгалан хадат хаалга болон Сюаньфу-гийн хооронд, Тайнин харуулынхан Жиньжоу болон Ляо голын хооронд, харин Фуюй харуулынхан Мүгдэн, Тиелин, Кайюань зэрэг газарт тус тус нутаглаж байв. 1450-аад оны эхээр Эсэн үхэж, Зүүн Монгол дахин хүчирхэгжих үед Урианхайн 3 харуулын монголчууд Монголын Болай тайштай холбоолон Мин улсын хил хязгаарыг уулгалж байжээ. Гэвч 1478 онд адуун захыг дахин нээснээр Мин улстай харилцах болов. Тэгснээр нөхцөл байдал өөрчлөгдөн Урианхайн 3 харуул Монголын довтолгоонд өртөх болжээ. Ийм нөхцөл байдал Монголын Боди Алаг хаан, Дарайсүн Гүдэн хааны үе болоход бас дахин өөрчлөгдөж, Урианхай дахин Мин улсын хил хязгаарыг уулгалан довтолж эхлэв. 1550 онд Монголын Алтан хан Бээжинг довтлох үед түүнд идэвхийлэн тусалж байжээ.

Дарайсун гүдэн хаан 1548 оноос Цахар түмнээ авч зүүн зүгт нүүсэн үеэс эхлэн Урианхайн 3 харуул нь аажимаар Монгол аймгуудын дотор уусч эхэлсэн юм. Жишээлбэл: Фуюй харуул нь Хорчин аймаг болон Зүрчидэд шингэж, Тайнин харуул нь Оннигуд нэрээр Өвөр Халх, Харчин аймгийн дотор шингэж, Доян харуулын урианхайчууд нь бусад түмэнд хуваагдаж тархсан бөгөөд Лигдэн хааны эхэн үе гэхэд үндсэндээ Урианхайн гурван харуул нь оршин тогтнохоо үндэсгүй болсон.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]