Jump to content

Урхо Кекконен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Урхо Кекконен, 1977 он.

Урхо Калева Кекконен (фин. Urho Kaleva Kekkonen; 1900 оны 9-р сарын 3-нд Пиэлавеси тосгонд төрсөн — 1986 оны 8-р сарын 31-нд Хельсинки хотод нас барсан) — Финландын 8 дахь Ерөнхийлөгч, улс төрч юм.

1919 онд У.Кекконен Кайаани хотын лицейг төгссөн.

Тэрээр Кайаани хотод сэтгүүлчээр ажиллаж байгаад 1921 онд Хельсинки рүү нүүж, Хельсинкийн Их Сургуулийн Хуулийн факультетэд элсэн ороод 1926 онд төгссөн. 1919 оны зун тэрээр "Кайаани Лехти" сонинд нийтлэл бичиж эхэлсэн байна.

1933 оноос тэрээр Хөдөө аж ахуйн холбооны намын гишүүн, 1956 он хүртэл удирдагчдын нэг (1965 оноос Төв нам) байв.

1927-1932 онд тэрээр Хөдөөгийн хотуудын захиргааны холбооны хуульч, мөн 1927-1928 онд Их сургуулийн оюутны сонины ерөнхий редактороор ажиллаж байжээ.

У.Кекконен 1933 оноос Хөдөө аж ахуйн яаманд ажилласан бөгөөд 1936 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

залуу Урхо Кекконен, 1930-аад он.

1936-1956 онд Хөдөө аж ахуйн Холбоо (фин. Maalaisliitto)-ноос парламентын гишүүнээр сонгогдсон.

1936-1937 онд тэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан; хэт барууны үзэлтэй Эх орончдын Ард түмний хөдөлгөөн (IKL)-ийг хориглохыг оролдсон.

1937-1939 онд тэрээр Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан.

1943-1945 онд тэрээр Сангийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан байна.

1944-1946 онд тэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Финландын дайны гэмт хэрэгтнүүдийн шүүх хурлыг удирдаж байсан юм.

1946-1947 онд тэрээр Парламентын дэд даргаар ажилласан. 1948 оны зун Финландын Социал Демократ нам парламентын сонгуульд олонхийн санал авч, Фагерхолмын удирдсан Социал Демократ Засгийн газрыг байгуулсан. Үүний дараа дараа Урхо Кекконен парламентын даргаар (Эдускунта) сонгогджээ.

Юхо Паасикиви Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 1950 оны 3-р сарын 17-нд У.Кекконеныг Финландын Ерөнхий сайдаар томилсон юм. 1950 оны зун шинэ ерөнхий сайдын хувьд Урхо Кекконен Москвад 5 жилийн худалдааны гэрээнд гарын үсэг зурах боломжтой болсон бөгөөд энэ нь Финландад маш их ашигтай байв. 6-р сарын 9-нд У.Кекконен Москвад ирээд 13-нд түүнийг Иосиф Сталин хүлээн авч уулзсан бөгөөд тэр орой 5 жилийн худалдааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

1956 оноос хойш - Урхо Кекконен Финландын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч (тэрээр Социал Демократ Карл-Август Фагерхолмыг сонгогчдын коллегийн 149-ийн эсрэг 151 санал авсан) болсон.

1962 оны сонгуульд тэрээр сонгогчдын коллегийн 300 саналаас 199-ийг нь авч, 4 улс төрийн намын дэмжлэгийг авч ялсан. 1963 оны 5-р сард тэрээр Хойд Европыг цөмийн зэвсэггүй энх тайвны бүс болгохыг санал болгосон. Мөн 1960-аад онд тэрээр Норвеги улстай хилийн гэрээ байгуулж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлыг (ЕАБХАБ) бэлтгэх, хуралдуулахыг дэмжиж байв. 1966 оноос хойш Коммунист намын удирдсан Финландын Ардчилсан Холбооны төлөөлөгчид Финландын засгийн газарт орж ажиллаж байсан.

1968 оны сонгуульд тэрээр Сонгогчдын Коллегийн 300 саналаас 201-ийг нь авч, 5 намын дэмжлэгийг авчээ.

Түүнийг 6 нам нэр дэвшүүлж, улсын 9 нам дэмжиж, 1978 оны 2-р сарын 15-нд Сонгогчдын Коллегийн 300 саналаас 259-ийг нь авч 4 дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1981 оны 10-р сарын 20-нд Урхо Калева Кекконены өвчний улмаас Төрийн зөвлөл Ерөнхий сайд Мауно Койвистог 11-р сарын 10 хүртэл түр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг зөвшөөрсөн. 10-р сарын 27-нд болсон Төрийн зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар тэрээр эмч нарын дүгнэлтийг иш татан эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллах боломжгүй болсон тухай захидал ирүүлснийг зарласан. Түүнд Тамминиемид үлдэж эмчлүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд тэрээр нас барах хүртлээ тэндээ эмчилгээ хийлгэсэн юм.

Урхо Калева Кекконен 1986 оны 8-р сарын 31-нд нас барсан.

Ерөнхийлөгч Урхо Кекконены бүрэн эрхийн хугацаа Финландын түүхэн дэх хамгийн урт хугацаа байсан бөгөөд энэ хугацаандаа парламентыг 3 удаа тарааж байсан байна.