Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох хүрээ
Гадаргын ба газрын доорх усны нөөцөд учирсан хохирлыг тооцох ажлыг дараах хүрээнд хийнэ. Үүнд:
1. Гол мөрөн, горхи булаг, нуур, тойром, усан сан, цөөрөм, рашаан, намаг, мөстөл, мөсөн гол, үер буудаг томоохон хуурай сайр зэрэг гадаргын усны бүх төрөл;
2. Газрын доорх ус, газрын доорх усны гадаргын илэрц болох горхи булаг, рашаан;
Байгаль орчны багц хуулиуд, Усны тухай хууль тогтоомж зөрчсөн дараах шалтгааны улмаас усны нөөцөд учирсан хохирлыг энэхүү аргачлалаар тооцно. Үүнд:
• Гадаргын болон газрын доорх усны нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах, зөвшөөрөгдсөн хэмжээ, нөөцөөс хэтрүүлэн ашигласан, бохирдуулсан;
• Голын нуга болон ус намгархаг газрыг зориудаар хатаах эсхүл намаг, түүний хэсгүүдийг зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар ашигласнаар ус намгархаг газарт хохирол учруулсан;
• Мөсөн голоос зөвшөөрөлгүйгээр мөс авч хомсдуулах, төрөл бүрийн бодисоор бохирдуулах болон түүний төлөв байдалд нөлөөлөх;
Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлсноор түүний шалтгаан, нөхцөл байдал, үр дагаврыг тогтоох, тэдгээрийг арилгах, усны сан бүхий газрыг зөрчил гарахаас өмнөх хэвийн байдалд буюу ажиглалтаар тогтоосон үзүүлэлт хүртэл нөхөн сэргээх, цэвэршүүлэх, хохирлын үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.