Jump to content

Усны үнэлгээнд баримталсан гол зарчим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Орчны хөтөлбөр (UNEP)-ийн газраас гаргасан Дэлхийн Байгаль орчны төлөв байдлын тайланд (2004) нийт ашигласан усны нэг хүнд жилд ногдох хэмжээгээр ус хэрэглээний харьцах түвшинг (W/c) тодорхойлж, харин ус хэрэглээний цэвэр ашиг (WPE)-ийг ашигласан усны нэгж эзэлхүүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөөр (GDP) тодорхойлжээ. Тэгэхээр манай орны үйлдвэрлэлийн салбарт жилд ашигласан усны хэмжээг нийт хүн амын тоонд харьцуулах, уул уурхайн салбарт жилд ашигласан усны нэгж эзэлхүүнд ногдох үндэсний болон уул уурхайн нийт бүтээгдэхүүний өсөлтийг жил, жилээр тогтоож, дүн шинжилгээ хийх хэрэгтэй болж байна. Дэлхийн дунджаар хэрэглэсэн 1.0 м3 усны үр ашиг 7.4 ам.доллар байна. Харин манай орны уул уурхай, үүний дотор алт, зэс болон бусад уурхайнуудад энэ цэвэр ашгийн хэмжээг тогтоох нь чухал юм.

Усны нөөцийн нэгжийн эдийн засгийн үнэлгээг үйлдвэрлэлийн практикт хэрэглэхэд хэд хэдэн хүндрэл учирдаг. Үүнд:

1. Усны нэгж нөөцийн үнэ, түүний хайгуул судалгаа, хяналт-шинжилгээний өртгийг тогтооход хүндрэлтэй болно. Тухайлбал, Сэлэнгэ мөрний усны нөөцийг тогтоох хяналт-шинжилгээний өртөг, ус судлалын харуулын тоо ба ажилласан усны жилийн хэмжээ нэмэгдэх тутам хайгуул судалгааны үр дүн жилээс жилд нарийвчлагдана. Мөн үүнтэй холбоотойгоор хяналт-шинжилгээний өртөг байнга өсөн нэмэгдэнэ.

2. Усны нөөцийн ашиглалтын явцад бий болох нэмэгдэл орлого буюу рентийг тодорхойлоход ашигласан усны нэгж нөөцөд ногдох бүсийн зах зээлийн дундаж үнийг тодорхойлно.

3. Усны нөөцийн хомсдолын өртөг, байгаль орчны сөрөг үр дагаврын өртгийг тодорхойлоход уул уурхайн шууд нөлөөллийн зэрэгцээ, голын сав газарт учруулж буй хүний үйл ажиллагааны нөлөө, тэр ч байтугай, манай оронд зонхилох нөлөө үзүүлж буй уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн нөлөөллийг тогтоох шаардлага, мөнгөн дүнгээр илэрхийлж тооцох зэрэг хүндрэл гарна.

Энэ бүхэнд субъектив хүчин зүйлс зонхилох нөлөөтэй байна. Иймд хүнээс хамаарч, тогтоох үнийн тоог цөөрүүлэх болон усны нөөцийн эдийн засгийн үнэлгээг усны нөөцийн тархацтай уялдуулах шаардлага гарч байна.