Учрахын ерөөл (Б.Лхагвасүрэн, С.Баатарсүх)

Шүлэг: Б.Лхагвасүрэн                                     

Хөгжим: С.Баатарсүх

УЧРАХЫН ЕРӨӨЛ 

Аяс намдуу үдшээр

Дуулсан дууны минь уянга

Алсын өндөр Алтайн

Уулсын зулайг шүргэж

Дт: Учрахын ерөөлтэй мэндийг

Уулсад минь хүргэвэл гялайлаа.  

Дүүлэн дэмүүлэн яруусах

Хүслийн хурдан хүлэг минь

Тунараа цэнхэр говийн

Тунгалаг шандад шингэж

Дт: Учрахын ерөөлтэй мэндийг

Усанд минь хүргэвэл гялайлаа.  

Харан харан хайлах

Халуун ээнэг сэтгэл минь

Нуур мянганы тавилан

Нутаг усныханд минь хүрээд

Дт: Түвшин өөдлөхийн мэндийг

Түмэнд минь хүргэвэл гялайлаа.  

Дууны тухай[засварлах | кодоор засварлах]

Дуу 1974 онд бүтжээ.

Шүлгийг зохиосон Б.Лхагвасүрэн, хөгжмийг зохиосон С.Баатарсүх нар 1974-1975 онд ЗХУ-ын Эрхүү хотын орос хэлний нэг жилийн бэлтгэлд хамт суралцаж төгссөн.

Энэ дуу 1974-1975 онд Эрхүү хотын оюутны “Найрамдал” хамтлагийн, 1975-1982 онд Свердловск хотын оюутны “Найрамдал” хамтлагийн урын санд орж дуулагдаж байжээ.

1998 онд С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” тоглолтод дууг МУГЖ Г.Эрдэнэбат дуулсан нь Радиогийн Алтан сан хөмрөгт авагдсан байдаг байна.  

Жич: МУГЖ Г.Эрдэнэбат нь мөн ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн их сургууль буюу Уралын Консерваторт суралцаж төгссөн. С.Баатарсүхийн хөгжим, Бя.Энхтуяагийн шүлэг “Охин үр” дууг МУГЖ Э.Бүрнээбаярын хамт 1994 онд “Цэнхэр залаа–25” тоглолт дээр анх дуулж нийтийн хүртээл болгож байсан.

Сонсох[засварлах | кодоор засварлах]

1998 он, МҮОНР, "Цэнхэр залаа” тоглолт, 2-р хэсэг, Төрийн Шагналт Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Учрахын ерөөл”, Сонгодог Урлагийн Академик Театрын гоцлол дуучин МУГЖ Эрдэнэбат (11:52-14:52)